Чөлөөт бөхийн жинд өөрчлөлт оржээ
Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-оос чөлөөт болон сонгомол бөхийн жингийн ангилалд оруулсан талаар албан ёсоор мэдэгджээ. Шинэчилсэн жингийн ангилал нь 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн хөтөлбөрт багтах ёстой юм байна.
Энэхүү өөрчлөлтөөр эрэгтэйчүүдийн төрлөөс нэг жин хасагдсан бол эмэгтэйчүүдийн ангилалд хоёр жин нэмж оруулжээ. Ингэснээр Рио-де-Жанейрогийн олимпод чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, мөн сонгомол бөхийн тус тус зургаан жингийн ангилалд тамирчид өрсөлдөхөөр боллоо.
Мөн FILA-гаас чөлөөт бөхийн дүрмийн өөрчлөлт, тэмцээн, уралдааны форматыг танилцуулсан. Энэ өөрчлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс эхэлж мөрдөх ажээ. Барилдааны дүрэмд оруулсан зарим нэг өөрчлөлтийг дурдвал, чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөгчөөсөө 10 оноо илүү авсан, харин сонгомол бөхийн төрөлд найман оноо илүү авсан техникийн давуу ялалт байгуулсанд тооцно. Чөлөөт бөхийн төрөлд бүх төрлийн шидэлтэд дөрөв, сонгомол барилдаанд дөрөв оноо, онцгой, уран гоё шидэлтэд тав оноо өгч байх, гурван онооны хоёр шидэлт хийх, эсвэл таван онооны шидэлт хийвэл барилдааныг шууд дуусгаж байхаар тусгажээ. Түүнчлэн хэвтээ барилдаанд нуман тулгуурт оруулж, таван секунд дарахад нэг оноо өгч байхаар болсон байна.
Олимпийн шинэ жингийн ангилалыг дор үзүүллээ.
Чөлөөт бөх /эрэгтэй/: 57, 65, 74, 86, 97, 125 кг
Сонгомол бөх: 59, 66, 75, 85, 98, 130 кг
Чөлөөт бөх /эмэгтэй/: 48, 53, 58, 63, 69, 75 кг
Харин олимпиос бусад буюу дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цом, Алтан гран-при зэрэг FILA-гийн тэмцээнүүдэд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд 61 ба 70 кг, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд 55 ба 60 кг, сонгомол бөхийн төрөлд 71 ба 80 кг-ын жингийн ангиллыг нэмж оруулах гэнэ. Өсвөр үе болон залуучуудын жингийн ангилалд өөрчлөлт оруулаагүй байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ