Д.Цогтбаатар: Төрийн өмчөөр хувийн өмч арвиждаг гэсэн сэтгэлгээг халах хэрэгтэй
Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай Төрийн өмчит хувьцаат компаниудын талаар ярилцлаа.
6
-Танайхаас алдагдалтай ажиллаж буй компаниудыг зарлаж, алдагдлыг нь бууруулах чиглэлээр ажиллана гэж мэдээлж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Манай хорооноос энэ жилд хоёр удаа төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн санхүү, үр ашгийн талаар хэвлэлийн бага хурал хийж байсан. Эхнийхээ хэвлэлийн хурлаар бид өнгөрөгч дөрөвдүгээр сард төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байна гэдгийг нээлттэй зарласан. Дараа нь бид нэг тэрбумаас дээш болон 100 саяас тэрбумын хооронд, гурав дөрвөн саяас 100 саяын хооронд гээд нийтдээ 37 компани алдагдалтай байгааг нийтэд мэдээлсэн. Үүгээрээ бид компаниудын үйл ажиллагааг ард түмэнд нээлттэй болгож, ард түмэн хяналт тавих боломжийг нь л нээж байна гэсэн үг. Тэр нээлттэй байдал Монголын нийгэмд шинэ ойлголт бий болгосон.
Нэмээд хэлэхэд ТӨХ компаниудын захирлуудтай нэг жилийн гэрээ байгуулж байгаа. Энэ нь хариуцлагын системийг илүү үр ашигтай, шударга болгож байгаа. Нэг жилд төлөвлөсөн ажлаа гүйцэтгэж чадсан удирдлагатай цаашид хамтарна, чадаагүй бол хариуцлагын асуудлаа ярина.
6
-ТӨХК-иудыг удирдаж буй хүмүүс алдагдлаа бууруулах чиглэлээр хэрхэн ажиллаж байна. Үүнд танайхаас хяналт тавьж байгаа юу ?
-Төрийн өмчийн хороо болж бүтэхгүй юмныхаа хойноос хөөцөлдөж, тэрийгээ цэвэрлэж, голдиролд нь оруулах гэж хичээж байгаа мэт харагдаж магадгүй. Гэвч эхлээд бид зөв голдиролд нь оруулах хэрэгтэй. Өнөөдөр төрийн өмчийн компаниудыг удирдаж байгаа захирал компаниа ашигтай ажиллуулахын тулд төлөвлөлтөө сайн хийж чаддаг байх ёстой. Иймээс бид бизнес төлөвлөгөөгөө оновчтой боловсруул гэдэг шаардлага тавьсан. Тэр хүрээндээ алдагдал ихтэй ажиллаж буй уул уурхай, эрчим хүчний салбаруудын захирлуудтай тус тусад нь уулзаж, төлөвлөлт бизнес төлөвлөгөөний сургалтыг явуулсан. Тэндээс юу ажиглагдсан бэ гэхээр захирлууд “Ингэж сонсч байх нь зөв юм байна. ТӨХ бид нар руу хандсан бодлого явуулж байна” гэсэн сэтгэлгээ бий болсон. Цаашдаа ч гэсэн ийм сургалт явагдана. Ер нь байгууллагын хамгийн том капитал бол хүн. Хүнээ хөгжүүлээд, хүнээ чадваржуулаад байвал алдагдалтай ажиллана гэсэн ухагдахуунаасаа салах том хөшүүрэг болох юм.
7
-ТӨХК-иудын хувьд цаашид анхаарч ажиллах шаардлагатай асуудал юу байгаа вэ?
-Эрхзүйн талаасаа бид шинэчлэлт хийх хэрэгтэй байна. Энэ үүднээсээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 20-иод компанид хууль эрхзүй, захиргааны ажлын талаар мониторинг хийж үзсэн. Үүнээс харахад хууль эрхзүйн шинэчлэл хийхгүй бол ерөөсөө болохгүй юм байна гэдэг нь харагдсан. Тухайлбал, төрийн өмчит компаниуд шүүх дээр очоод дандаа ялагддаг байж болохгүй. Шүүж, шүүгдэж байгаа хоёр нийлж байгаад хувийн компанид ялалт өгдөг, төрийн компаниуд нь ялагддаг тогтолцоотой байж таарахгүй. Учир нь төрөөс тэр мөнгийг авч болдог. Төрийн мөнгийг өмгөөлж байгаа нь ч тэр, шүүхдэж байгаа нь ч тэр нийлж байгаад ялчихдаг. Ийм тохиолдлууд амьдрал дээр гарцаагүй гараад байгаа. Иймээс гэрээ, эрхзүйн талаар мэргэшсэн хүмүүс төрийн өмчит компаниуд дээр ажиллах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Төрийн компаниудын эрхзүйн шинэчлэлт гэдэг бол захиргааны ажлын шинэчлэлт, хууль эрхзүйн шинэчлэлт юм.
7
-Ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч танилцуулаач?
-Ирэх онд Хорооны даргын тушаалаар эрхзүйн шинэчлэлийн ажлын хүрээнд бүх компанид хэрхэн яаж ажиллах тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх болон зөвлөмж, мэдээллүүдийг өгнө. Мөн тодорхой ажлын өөрчлөлтүүдийг гаргана.
Бид алдагдалтай ажиллаж байгаа шалтгааныг тодруулахаар гадаад, дотоод орчны судалгаа гаргаж үзсэн. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр төрийн өмчит компаниуд хоорондоо уялдаатай ажиллах хэрэгтэй. Хүлээсэн үүргээ чанд биелүүлэх, хамтын ажиллагаа маш хэрэгтэй байна. Зөвхөн өөрийгөө боддог асуудлаа хойш тавин, багийн тоглолтыг үзүүлэх хэрэгтэй. Бас ирэх онд хийх шинэчлэл бол өмч хувьчлалыг зөвхөн дуудлага худалдаагаар “тодорхой мөнгөн дүнг улсын төсөв”-т оруулна гэсэн хуучин сэтгэхүйгээ авч хаях явдал. Бид хувьчлалын ажилд хэн нэгэн дарга холбогдоод байдаг асуудлыг бүрэн өөрчилнө. Олон нийтэд нээлттэй зарлах, үнэт цаасны хоёр дахь зах зээл буюу хөрөнгийн биржээр дамжуулж тухайн компанид нэмэлт хувьцаа гарган, тодорхой хувиудаар нь үе шаттай хувьчлах, компани руу хандсан, компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж өрсөлдөх чадвартай болгох менежментийг бий болгохын төлөө ажиллана. Түүнчлэн бид хариуцлагаа дээшлүүлж, хувь хүн байгууллагын соёл дээр анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Сингапур улсын “Темасек” сангийн үйл ажиллагааг судалж, ижил төстэй үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.
7
-Яагаад заавал Сингапурын туршлагыг авч хэрэгжүүлж байгаа юм бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн баг Сингапур, Хонгконгоор өнгөрсөн сард айлчилсан. Уг айлчлалын үеэр ТӨХ-ны зүгээс Сингапур, Хонгконгийн төрийн өмчит, бизнесийн компаниудын үйл ажиллагаатай танилцсан юм. Айлчлалын хүрээнд Сингапурын талаас 200 орчим төлөөлөгч, манай талаас 120 төлөөлөгч оролцсон эдийн засгийн форум зохион байгуулагдсан. Энэ нь Сингапурын бизнес эрхлэгчдийн сэтгэлийг татсан арга хэмжээ болсон. Тэд манай уул уурхай, бизнес, хуулийн орчныг ихээхэн сонирхож байсан. Бид ч хамтран санал бодлоо солилцлоо. Ер нь цаашид төрийн өмчийн үйл ажиллагаа Сингапурт хэрхэн яаж явагддаг талаар судалж, тодорхой асуудлуудаар санал солилцох бодолтой байгаа.
Газар бол төрийн өмч. Энэ төрийн өмч дээр хувийн байгуулагууд барилга барих, үйл ажиллагаа явуулах нь нээлттэй байдаг. Харин Сингапур газраа түрээсэлж, түүн дээрээ татвар төлж ажилладаг улс юм билээ. Ер нь газраа өмчлөх харилцаа нэлээн хөгжсөн улс шиг нь анзаарагдсан. Төрийн болон хувийн өмчийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын туршлагыг нь хараад төр, хувийн өмчлөлийн харилцааны асуудлыг нь өөрсдийнхөө хөрсөн дээр буулгах юмсан гэсэн бодол төрүүлсэн.
7
-Тэгэхээр Сингапурын төрийн өмчит компаниуд нь дандаа ашигтай ажилладаг гэсэн үг үү?
-Өндөр хөгжилтэй орныг харж байхад төрийн өмчийн компани ашиггүй ажиллана гэсэн ойлголт байдаггүй юм байна. Сингапурын төрийн өмчийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа, үйлчилгээ, удирдлага нь үр ашигтай, цэгцтэй явагдаж ирсэн байх юм. Тэгэхээр тэдний туршлагыг судалж, зөв зүйтэй шийдлүүдийг нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж монголчуудын 20 гаран жил төрийн өмчийг үзэн ядсан, төрийн өмчөөр тоглож болдог гэсэн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Юуны түрүүнд өмчийн харилцаанд сэтгэлгээний том хувьсгал хийсний дараа өөрчлөлтийн тухай ярих хэрэгтэй юм байна.
Тиймээс бид маш тэсрэлттэй, жирийн иргэн ч ойлгодог ард түмэн шууд хүлээж авдаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй байгаа юм. Бид юун түрүүнд төрийн өмчөөр хувийн өмч арвижиж, хөгждөг гэсэн сэтгэлгээг халах хэрэгтэй. Төрийн өмч бол түмний өмч. Хүн бүхэн үүнийгээ захиран зарцуулж байдаг. Бид үүнийгээ хянаж, арвижуулах ёстой гэсэн сэтгэлгээтэй байх ёстой. Ийм ч байх ёстойг олон улмын туршлага бэлэхнээ харуулж байна.
7
-Ярилцсанд баярлалаа
7
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ