Б.Чойжоо: Монгол шүлгээ англи руу хөрвүүлж дуулдаг
Залуу дуучин Б.Чойжилсүрэн “Оддын дунд үлдсэн дүр” нэртэй шинэ цомгоо гаргаж, нээлтийг нь энэ сарын 27-ны буюу баасан гаригт хийхээр болсноо сонсогч фенүүддээ дуулган хэвлэлийн хурал хийлээ.
“Оддын дунд үлдсэн дүр цомог” есөн дуунаас бүтэж байгаа ба ихэнх дуу англи хэл дээр дуулагджээ. Тус цомогт багтсан дуунууд нь сүүлийн үед хүүхэд залуусын сонсох дуртай дуу болж, сошиал медиагаар хурдан хугацаанд тархаж байгаа аж. Тэрбээр “Хүрч чадахгүй”, “1001 цэцэгс”, “Солонгын дусал” зэрэг дуунуудыг дуулж амьдруулжээ. Түүний цомгийн нээлт “Blue Sky” цамхагт байрлах “Vegas night club”-т болно. Дуучин Чойжоогийн дууг сонсох дуртай болон сонсохыг хүссэн хүн бүрийг урьж байгаа аж. Цомгийн баярт “Лемонс”, “Lego” зэрэг хамтлаг ирж ая дуугаа өргөхөөс гадна цомогт багтсан дуунууд дуулагдах юм байна.
Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Цомгоо “Оддын дунд үлдсэн дүр” гэж нэрлэжээ. Яагаад ингэж нэрлэх болов?
-Оддын дунд үлдсэн дүр гэдэг дуугаараа цомгоо нэрлэсэн. Энэ дуу болон цомгоо өөртэйгээ нэр нэгтэй, нэг өдөр төрсөн үеэл дүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж хийсэн. Эхлээд гарч ирэхдээ би ганцаараа явж байсан. Энэ хүртэл олон сайн хүмүүс тусалж дэмжсэн. Тэдэндээ баярлалаа гэж хэлье.
-Цомгийн дуунуудын 50 хувь нь англи хэл дээр дуулагдсан гэсэн. Бусад дуугаа ямар хэл дээр дуулсан бэ. Монголоор бичсэн шүлгээ англи руу хөрвүүлээд дуулдаг гэсэн үг үү?
Бусад дуунуудаа Монгол хэлээр дуулсан. Улс үндэстэн бүрийн онцлог өөр учир хичнээн сайн англи хэлтэй байлаа ч хөрвүүлэхээр утга нь жаахан сонин болчих гээд байдаг шүү дээ. Тийм болохоор англи хэлийг маш сайн мэддэг хоёр найзаасаа зөвөлгөө авч, хамтарч ажилладаг.
-Та ямар урсгал чиглэлээр уран бүтээлээ хийдэг вэ. Шинэ цомогт ямар жанрын дуунууд багтсан бэ? -Ерөнхийдөө бол поп урсгалаар дуулдаг. Гэхдээ цомогт маань хип хоп, уянгын поп гээд олон төрлийн дуу байгаа.-Хэзээнээс урлагт орж ирэн, уран бүтээлээ хийх болов?
-Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид багаасаа сурдаг байсан. Тэгээд долоодугаар ангиасаа гитар тоглож эхэлсэн. Намайг хүмүүс дуулаад хэрэггүй гэдэг байсан боловч зөрж байгаад дуулж эхэлсэн. Ер нь 2-3 жилийн өмнөөс уран бүтээл хийж байна.
-Уран бүтээлийн чинь цаашдын төлөвлөгөөг сонирхвол?
-Эхний цомогт орсон дуунуудаа ирэх нэгдүгээр сараас эхлэн дүрсжүүлнэ. Мөн хоёр дахь цомгийн дуунууд хийгдээд эхэлсэн болохоор бичлэгийн ажилдаа орно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ