VIII Богд Гэгээн Жавзундамба хутагтын хөшөөний шавыг тавив
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12 сарын 20-ны 164-р тогтоолоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 102 жилийн ойг Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Гэгээн Жавзундамба хутагт болон хувьсгалын удирдагчдын дурсгалд зориулан Богд гэгээний хөшөөг Тусгаар тогтнолын талбайд байршуулах шийдвэр гарсан. Түүхэн үйл явдлыг дурсан санаж, хүүхэд залуу үеэ Монголын түүх, соёл, уламжлалын мэдлэгтэй болгох, эх түүхээ дээдлэх зорилготой уг тогтоолын дагуу өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд VIII Богд Гэгээн Жавзундамба хутагтын хөшөөний шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон нийслэлийн удирдлагууд, УИХ-ын гишүүд оролцов.
бй
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монголчуудын шинэ эрин үеийг нээж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 102 жилийн тохиож байна. Эдүгээ 102 жилийн өмнө өрнөсөн түүхэн үйл явдлыг ирээдүй хойч үе маань үеийн үед дурсан санаж, түүхэн гавъяа байгуулсан удирдагчдаа хүндэтгэж байх учиртай. Нөгөөтэйгүүр түүхч, эрдэмтэн, судлаачдаас Богд Гэгээний хөшөөг босгох талаар багагүй санал, хүсэлт ирсэн юм. Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид VIII Богд Гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг Тусгаар тогтнолоор нэрийдсэн энэхүү талбайд байршуулах шийдвэр гаргасан” гэдгийг онцлон хэллээ.
s
Уг ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Олноо Эрх чөлөөний талбай, Ялалтын талбай хэмээн өргөмжлөгдсөн энэ талбайд монголчууд бид 24 жилийн өмнө идэр есийн жавар тачигнасан өдрүүдэд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын төлөө жагсч байсан бол өнөөдөр 100 гаруй жилийн тэртээх бидний өвөг дээдсийн суу ухаан, баатарлаг тэмцлийн үрээр эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн үйл явдалд зориулсан хөшөөний шав тавихаар энэ талбайдаа хуран цуглаад байна. Түүхийн сайн нь ч, саар нь ч бидний багш. Их түүх, эх хэл, үндэсний соёлоо мэдэх, судлах тусам хүний ухааны мэлмий нээгдэж, эх орон тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэдрэх хамгаалах, омогших, ихийг сурах бүтээх, бие биенээ хайрлах, хүндэтгэх сэтгэл, хүмүүжилтэй болдог. Үүнийг монгол хүн бүр, хүүхэд залуус маань үеийн үед мэдэж байхын өлзийтэй ерөөл тавьж байна. Хөх тэнгэр, өвөг дээдсийн маань буян заяа биднийг ивээж байх болтугай” хэмээн онцлон хэлсэн юм.
ds
Ирэх онд VIII Богд Гэгээн Жавзундамба хутагтын хөшөөний загварыг уран бүтээлчдийн дунд нээлттэй уралдаан зарлаж сонгон шалгаруулах бөгөөд хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсвөөс гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
ds
СЭТГЭГДЭЛ БИЧИХ