Б.Мөнгөнзул хоёрдахь мөнгөн медальтан боллоо
Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хагас сар үргэлжилж өнгөрөгч амралтын өдөр өндөрлөлөө.
Стандарт буюу сонгодог төрлийн найм хүртэлх насны охидын ангилалд 117 шатарчин өрсөлдсөнөөс Хангарьд спорт клубын тамирчин Бат-Эрдэнийн Мөнгөнзул есөн оноогоор хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 2013 оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт тамирчин. Бэлтгэл сургуулилтаа Хангарьд спорт клубт ОУМ Намхайн Баттулгын удирдлага дор хийдэг. Ийнхүү Б.Мөнгөнзул манай улсаас Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн дөрөвдэх хүн, тав дахь медаль, хоёрдахь мөнгөн медалийн эзнээр тодорч байна.
Өмнө 2001, 2005 онуудад ОУМ Батхуягийн Мөнгөнтуул хүрэл, мөнгө, 2010 онд ФМЭ Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ алт, 2011 онд ОУМЭ Алтан-Өлзийн Энхтуул хүрэл медаль хүртэж байсан билээ.
Энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найман насны охидын ангилалд Багануур дүүргийн шатарчин, 2012 оны Сурагчдын Дэлхийн АШТ-ий хүрэл медальт Ганганбарсын Маралгуа найман оноогоор VIII байр, 9-10 насны хөвгүүдийн ангилалд 199 тамирчин өрсөлдсөнөөс 2012 оны Сурагчдын Дэлхийн аварга ФДМ Эрдэнийн Баасансүрэн найман оноогоор X байрт шалгарлаа.
Блиц буюу Түргэн тоглолтын төрөлд манай улсаас 30 тамирчин оролцлоо. 15-16 насны хөвгүүдийн ангилалд 99 шатарчин өрсөлдсөнөөс Сонирхогчдын Дэлхийн аварга 1-р сургуулийн сурагч ФМ Сумъяагийн Билгүүн 5,5 оноогоор VI байр, найм хүртэлх насны хөвгүүдийн ангилалд 121 шатарчин өрсөлдсөнөөс Ази тивийн гурван удаагийн аварга, Сурагчдын Дэлхийн аварга Урамтай шатар клубын тамирчин ФДМ Есөнтөмөрийн Төгстөмөр 5,5 оноогоор VIII байр мөн насны охидын ангилалд 57 шатарчин оролцсоноос сонгодог төрлөөс мөнгөн медаль хүртсэн Бат-Эрдэний Мөнгөнзул таван оноогоор VIII байрт шалгарлаа.
Зургаан насны 12 ангилалд 107 улсын 1800 гаруй бяцхан шатарчид өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас Монголын шатрын холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 39 тамирчин, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон билээ.
Баг тамирчид маань 12-р сарын 31-ий өдөр буюу маргааш эх орондоо ирнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ