Оюутолгойн хэлэлцээр эхний хагас жилд шийдэгдэнэ
Шинэ ондоо Уул уурхайн яамнаас “Баялаг бүтээгчдийн жил болгоё” гэсэн уриалгыг дэвшүүлжээ. Тус салбарын тухайд 2013 он олборлолт сайн байсан ч, экспорт, хөрөнгө оруулалт буурсан хүндхэн жил байв. Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 61 хувь, улсын нэгдсэн төсвийн 19.1 хувь, экспортын 81 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувь тус салбарт хамаарч байв.
_
Ирэх онд салбарын сайдын хэлснээр он дамжин үргэлжилж буй Оюутолгойн нэмэлт санхүүжилтийн асуудал 2014 оны эхний хагас жилд шийдэгдэх юм байна. Оюутолгой зэсийн баяжмалаа экспортлож эхэлснээр манай улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломж бүрджээ. Оюутолгойн орд нь 2014 онд Эрдэнэт үйлдвэрээс 30 хувиар илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх тооцоо гаргасан байна. Тус компани энэ оны хөрөнгө оруулалтын зардлыг 1.3 тэрбум ам.доллар, борлуулалтын нийт орлогыг 2.6 тэрбум ам.доллар байхаар тооцсон байна.
_
Мөн 2 сая тн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий төрийн өмчийн оролцоотой газрын тос боловсруулах үйлдвэрийг 2016 онд багтаан барьж дуусгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ үйлдвэрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, тус улсын “Тоёо инженеринг” корпорацийн технологиор барьж байгуулахаар техникийн зураг төслийг үндсэндээ хийж дуусгажээ. Тус үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээний бензин, шатахууныг 70 гаруй хувь, битум, мазатыг 100 хувь тус тус хангах аж.
_
Түүхий эдийн хангалтын асуудлыг Монгол, Хятад, Орос гурван улсын хооронд худалдааны SWAP нөхцөлийг хэрэглэх, мөн Японы “Марубэни” корпорацийн, Оросын “Роснефть” компаниас худалдан авдаг хэмжээн дээр өөрийн хэрэгцээг нэмж авах зэрэг асуудлаар холбогдох талуудтай яриа хэлэлцээ явуулж буй юм байна. Дээрхи үйлдвэр баригдсанаар нэмүү өртгөөр гадагш чиглэсэн мөнгөний урсгал 700 орчим сая ам.доллароор буурах аж.
,
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ