Багш хүн ийм л байгаасай
“Хашийг эс засвал сав болохгүй хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг манай ардын мэргэн үг бий. Нарт ертөнц дээр байхгүй нандин сайхан мэргэжил эзэмшин хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг. Багш хүн гэдэг хүнээр хүн хийж байгаа, хүнийг урлаж байгаа дархан хүмүүс. Хүүхдийн авьяасыг чадварыг яаж сэргээж өгөх юм, аль талаас нь сэргээ нь жинхэнэ багшийн уран чадвар билээ. Манай ард түмэн эртнээс эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн. Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүнийг хэлдэг.
.
Багш сурагчдаа хүндэлж байж сая тэднээр өөрийгөө хүндлүүлнэ. Ихэнх тохиолдолд харилцаа ямар өнгө аястай болохыг багш тодорхойлдог учраас анхнаасаа харилцаа эерэг, харилцан бие биедээ нөлөөлж, хүндэлсэн, ойлголцсон уур амьсгалтай болоход нь багш анхаарах нь хамгаас чухал.
.
Судлаач Л.И.Рувинский сурган хүмүүжүүлэх техник гэсэн ойлголтыг “ багш өөр хүн болон хувирах , дуу хоолой, нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөн зэрэг хоорондоо зохицон өөрчлөгдөх чадвар” гэж үзсэн байдаг. Нүүрний хувиралын техник нь багш баяр баясгалан, тайван өөртөө итгэлтэй, хүүхдэд өөдрөг хандах хандлага хэнийг ч хүлээн авч ойлгох бэлэн байгаа байдлыг илэрхийлж байх ёстой. Ялангуяа багш харцаар маш их зүйлийг илэрхийлж чаддаг байхын зэрэгцээ сэтгэл санааны таагүй байдлаа нуун далдалж чаддаг байх.
_
Хэл ярианы техник үгийг цэвэр тод хэлэх хэт чанга бус , хэт намуун бус ярих буюу ярианы өндөр нам нь тухайн нөхцөлд тохирон өөрчлөгдөж байх нь чухал. Хөдөлгөөний техник нь багш ангид яаж алхах гишгэх , яаж суух , гараа ямар байдалтай байлгах, толгойгоо яаж хөдөлгөх зэргийг эвсэлтэй зөөлөн, хөнгөн хийх урлаг болно. Тухайлбал, багш ангид хүнд алхах гишгэх яаж суух, гараа их хөдөлгөх, толгойгоо янз бүр болгон хөдөлгөх нь сурагчдын анхаарлыг сарниулах муу нөлөө ажиглагддаг байна.
_
Мөн судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг дорвитой судалж, дараах хэм хэмжээнээс бүрддэг гэж үзжээ. Багш хүний хүмүүжлийн нэг зэвсэг нь үг . Тухайн байдалд тохирсон оновчтой хурц нөлөөлөх хүчтэй байх ёстой.Үгээр хүнийг амьдруулж ч болно, үхүүлж ч болно гэдэг үг бий. Хүний сэтгэл зүйд нөлөөлөх хүчит зэвсгийн нэг үг болно. Хүн ер нь магтуулах дуртай амьтан. Магтаал сайшаалын үгийг шавь нар нь багшаасаа үргэлж хүсэж байдаг.
_
Магтаал сайшаалын ганц хоёр ч гэсэн үг хичнээн ач тустай байдгийг хүн бүр мэднэ шүү дээ. “Шавьтай багш гэдэг ундрагатай булаг” гэсэн үг байдаг. Тиймээс л үе үеийн шавь нар нь багш нарынхаа бахархал болж байдаг юм. Тийм ээ, багш хүн ийм л байгаасай...
_
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ