Аймаг, нийслэлийн шатрын аваргууд улсын аваргын төлөө өрсөлдөнө

img

 

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойд зориулсан сонирхогчдын шатрын аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлчээр болж аваргуудаа тодруулаад байна. Нийслэл болон 21 аймагт болсон энэхүү тэмцээнд 976 эрэгтэй, 155 эмэгтэй, нийт 1131 шатар сонирхогч оролцжээ. Энэ тэмцээнд аймгуудаас эхний гурван байр эзэлсэн эрэгтэй болон эхний байр эзэлсэн эмэгтэй, харин нийслэлээс эхний 20-д шалгарсан эрэгтэй, эхний долоод шалгарсан эмэгтэй шатарчид энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болох Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ.

 

Уламжлалт тэмцээний эхний шатанд шалгарсан эдгээр шатарчид дээр УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Ардчилсан Үндсэн хууль тогтооогчдын холбоо, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудыг төлөөлсөн 30 шатарчин нэмэгдэж Сонирхогчдын шатрын улсын аваргын төлөө өрсөлдөх юм. Энэхүү тэмцээнд Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээшгүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцдог уламжлалтай юм.

 

Одоогоор Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан шатарчдын дотор чансаагаараа шилдэгт нийслэлийн “Увс нуур” клубын тамирчин М. Чулуунбат (1992), Багануур дүүргийн тамирчин Ц. Давааням (1982), СЭЗДС-ийн тамирчин Г. Авирмэд (1973), Налайх дүүргийн тамирчин С. Алтангэрэл (1973) нар тус тус багтсан бол Чингэлтэй дүүргээс огт чансаагүй тамирчин Ж. Хүрэлчулуун нийслэлийн аваргаар тодорчээ. Харин эмэгтэй шатарчдаас ШУТИС-ийн КТМС-ийн тамирчин Ж. Даваасүрэн (1777), “Цэцэн нүүдэл” клубын тамирчин Э. Одгэрэл (1714) нар чансаагаараа тэргүүлж байгаа буюу “Спортын дэд мастер” цолонд хамгийн ойрхон яваа аж.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ