Ц.Мөнхбаяр нарыг өнөөдөр шүүнэ

img

Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт буруутгагдсан "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид болно.  Ц.Мөнхбаяр нар нь өнгөрөгч 2013 оны есдүгээр сарын 16-ны өдөр  Засгийн газраас УИХ-д барьсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг  хэлэлцэхийг зогсоохыг шаардан жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлсэн. Энэ үеэрээ Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрснээс гадна Централ тауэр,  Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан, мөн төрийн албан хаашчийн өөдөөс галт зэвсэг ашигласан хэрэгт буруутгагдаад байгаа билээ.

Нийслэлийн прокурорын газраас Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ