“Шарга даага” өнөөдөр нээлтээ хийнэ
“Ай СиТи” филмсийн найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно.
Энэхүү кино нь өнгөрөгч есдүгээр сард болсон “Пусан”-ы кино наадмын Азийн кино хэсэгт шалгарч амжилттай оролцож байсан бол мөн Энэтхэг улсад зохиогдсон Бенгалорын олон улсын кино наадмын Азийн киноны хэсэгт амжилттай оролцоод ирсэн юм.
Найруулагч энэхүү киногоороо монгол хүний морь малтайгаа харьцах уламжлалт зан заншил, морь уях, уралдуулах дэг ёсоос гадна эх нутгийн үнэ цэнэ, хүн байгалийн хүйн холбоог харуулахыг зорьсон байна. Киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, МУГЖ С.Дамдин, МУСТА Д.Бямбацогт, МУСТА Б.Батмэнд, жүжигчин П.Мөнх-Од болон Төв аймгийн Угтаал сумын авьяаслаг багачууд тогложээ.
Өнгөрөгч есдүгээр сард “Улаанбаатар” олон улсын кино наадмыг нээж, цөөн хүрээний үзэгчийн хүртээл болсон уг кино өнөөдөр Өргөө кино театрт нээлтээ хийснээр, үзэгчдийн хүртээл болох нь.
“Шарга даага” киноны зохиол нь Монгол Улсын Засгийн Газрын дэргэдэх Соёл Урлагийн Хорооноос зарласан “Хүүхдийн уран бүтээлийг дэмжих улсын V дугаар уралдаанд ”Хүүхдэд зориулсан уран сайхны кино” төрөлд шалгарч, санхүүгийн дэмжлэг авч, уран бүтээл хийгдэхээр болсон. Улмаар киноны дүрийн сонголт хийгдэж 2012 оны зун Төв аймгийн Угтаал сумын нутагт 45 хоногийн турш зураг авалт хийгдэж бүтсэн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ