
Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн (IRI) хамтран “УИХ-ын Тамгын газрын судалгаа, шинжилгээний чадавхийг дэмжих нь“ сэдэвт сургалт семинарыг 2011 оны 12 сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулав.
Уг сургалтыг АНУ-ын Конгрессын Судалгааны алба (CRS)-ны Азийг хариуцсан ахлах шинжээч Сьюзан Лаурэнс, АНУ-ын Конгрессын Төсвийн шинжилгээний алба (CBO)-ны ахлах шинжээч Мэган Линч нарын сургагч багш нар удирдан явуулав.
Сургалт семинарт УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаач шинжээчид, Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөхүүд болон Төсвийн байнгын хорооны ажилтнууд хамрагдлаа.
Сургалтын явцад АНУ-ын Конгрессийн номын сан, Конгрессын Судалгааны албаны үйл ажиллагааны зохион байгуулалт, Конгрессээр төсөв хэлэлцэх процесс, ялангуяа төсвийн хэлэлцүүлгийн шатанд Конгрессын төсвийн шинжилгээний оффис (CBO), Конгрессын Засгийн газрыг хянах алба (GAO) болон бусад Төсвийн хороодууд хэрхэн ажилладаг талаар туршлага судлав. Ерөнхийлөгчөөс Конгресст өргөн барьсан төсвийн төсөлд Засгийн газраас хараат бусаар дүн шинжилгээ хийх, төсөв хуваарилах явц, нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон асуудлаар АНУ-ын туршлагыг танилцуулж, арга зүйн зөвлөгөө өгснөөрөө тус сургалт өндөр ач холбогдолтой боллоо.
АНУ-ын Конгресс болон Сенат төсвийн хэлэлцүүлэгт ихээхэн ач холбогдол өгч, мэргэшсэн судалгаа, шинжилгээний албадыхаа тусламжтайгаар төсөв хэлэлцдэгээрээ онцлогтой аж. Тухайлбал, төсвийн шинжилгээ хийх, хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Конгрессын Судалгааны алба (CRS) –ны мэдээллийн ажилтан, шинжээч нар, Төсвийн шинжилгээний алба (CBO)-ны шинжээчид өндөр түвшний математик аппарат ашигласан төсвийн дүн шинжилгээний мэдээлэл, гарын авлагаар хангадаг бол, төсөв хуваарилах ажиллагаанд холбогдох Байнгын хороод ихээхэн үүрэгтэй оролцож дээрх судалгаа шинжилгээний албадын гаргасан дүн шинжилгээ, тэдгээрийн үндэслэлийн талаар зайлшгүй хэлэлцдэг байна. Мөн төсвийн зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий Засгийн газрын хариуцлагын алба (GAO)-ыг мөн Конгресс болон Сенат дэргэдээ ажиллуулж юм байна.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Шаравдорж уг сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төвийн чадавхийг бэхжүүлэх, Монгол Улсын Их Хурлаар төсөв хэлэлцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо хэмээн үнэлэв
гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ