Худалдааны саад тотгорыг арилгахаар зөвлөлдөв
“Гаалийн болон бизнесийн байгууллага гэдэг бол үндсэндээ нэг зоосны хоёр талтай ижил” хэмээн Гаалийн ерөнхий газар/ГЕГ/-ын дарга О.Ганбат өнөөдөр болж буй “Гааль- бизнесийн зөвлөлдөх уулзалт 2014” хуралдааны үеэр хэллээ. Тогтмол зохион байгуулдаг тус уулзалтаар зоосны хоёр тал болох гааль, бизнесийн төлөөллүүд хамтран ажиллахад гарч буй хүндрэл бэрхшээлээ ярилцаж, санал шүүмжлэлийг чөлөөтэй илэрхийлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн уулзалтаар гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, худалдааны саад тотгорыг арилгах, луйвар болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцсан юм. Энэ үеэр гаалийн хураамж болон худалдааг хөнгөвчлөх үйлчилгээ буюу 3 төлвийн талаар гаалийнхан бизнес эрхлэгчдээс багагүй зэм хүртэв.
.
Бизнесийнхэн сэтгэлгээгээ өөрчлөхгүйгээр худалдааг хөнгөвчлөхгүй
.
Гаалийн байгууллага худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах ёстой. Үүний тулд гаалийн хяналт шалгалтыг багасган, биет үзлэгээс аль болох ангижирч, худалдааны эргэлтийг түргэсгэх шаардлагатай юм. Тиймээс эрсдэлийн удирдлагыг гаалийн байгууллагад нэвтрүүлэх асуудал маш чухал байгааг ГЕГ-ын дарга хэлсэн. Уг нь энэ үүргээ хэрэгжүүлэхээр 2013 оноос эхлэн ногоон, улбар шар, улаан гэсэн 3 төлвөөр барааг нэвтрүүлжээ. Ногоон төлвөөр огт юу ч шалгахгүй оруулдаг бол улбар шар төлвөөр бичиг баримтыг нь шалгаад оруулдаг, харин улаан төлвөөр биет үзлэг хийдэг байна. Гэтэл бизнесийнхэн эргээд итгэлийг нь алдаж байгааг гаалийнхан хэлж байв. Тодруулбал, бизнесийнхэн татвараас аль болох зайлсхийж, татвар төлөхгүй байх сэтгэлгээгээ өөрчилж чадахгүй байгаа аж. Өнгөрсөн жил бүрдүүлэлтийн дараах шалгалтаар 170 аж ахуйн нэгж байгууллагыг шалгахад 137 байгууллагаас хууль зөрчсөн үзэгдэл гарч, 4.2 тэрбум төгрөгийн торгууль тавьжээ.
.
Мөн өнгөрсөн онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан. 2013 оны дунджаар нийт бараа эргэлт 7.6 хувиар буурчээ. Гэхдээ бараа эргэлт удсан, багассан асуудал гаалийн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бөгөөд тээвэрлэлт дээр асуудал их гардгийг гаалийнхан хэлж байв. Монгол руу ачигдсан бараа 30-40 хоног Тянжины боомт дээр саатдаг аж. Иймээс гаалийн байгууллага ачаа эргэлтийг сайжруулахын тулд энэ жил эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор гэдэг аж ахуйн нэгжийг байгуулж, Хятадын боомтын гаалийн байгууллагуудтай гэрээ байгуулахаар болжээ.
.
Хураамж нэртэй татвар өрсөлдөх чадварт нөлөөлдөг
.
Уулзалтын үеэр яригдаж байсан бас нэгэн асуудал нь татварын хураамжийн асуудал байв. Өнөөдрийн байдлаар экспортод гаргаж буй нүүрсний тонн тутмаас гаалийн байгууллага үйлчилгээ үзүүлсний хураамж болгож 1500 төгрөг авдаг. Энэ нь манай нүүрсний үнийг өсгөж, өрсөлдөх чадварыг бууруулж байгааг Уул уурхайн үндэсний ассоциацийн төлөөлөл хэлж байв. Хураамж нэртэй дээрх татварыг арилгах талаар судалгаа хийж байгаагаа гаалийнхан мэдэгдлээ.
.
Түүнчлэн “Шинхуа МАК” Нарийн сухайт компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч С.Гүндэнбал “Бидэнд сар бүр экспортлох нүүрсээ лабораториор шинжлүүлнэ гээд цаг алддаг. Сар бүр нүүрс шинжлүүлэхээр 1000 км-ээс дээж авч ирэн, Геологийн төв лабораторт очно. Тэндээс нэг бичиг аваад Дамбадаржаа дахь Уул уурхайн хүрээлэнгийн лабораторт шинжлүүлнэ. Дараа нь гаалийн лабораториор дүгнэлт хийлгэнэ. Энэ олон шат дамжлагад цаг их зарцуулдаг юм. Ингээд л сар бүр яг ижилхэн тоо гарна. Иймээс үүнийг ядаж улирал тутамд шинжлүүлж, дүгнүүлдэг болох хэрэгтэй байна” хэмээв. Мөн “DHL” компанийн менежер Т.Энхбаатар “Манайх буухиа шуудангийн үйлчилгээ үзүүлдэг. Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ар гэрийнхэндээ бэлэг сэлт явуулахад гааль түүнээс нь татвар авах гэдэг нь манай үйлчлүүлэгчдийн дургүйцлийг хүргэдэг. Манайхаас бусад улсад буухиа шуудангийн тээвэрлэлтээс татвар авдаггүй. Энэ нь манай улсын Төсвийн мөнгийг гаалийн татвараас бүрдүүлэх хууль тогтоомжтой холбоотой” хэмээн ярьж байв. Мөн тэрбээр “Гаалийн татварыг ялгаж салган заагтай болгох шаардлага байна. Жишээ нь, баяр ёслолын үеэр хүүхэддээ явуулсан тоглоом чихэр, ээж аавдаа өгсөн уургийн бэлдмэл, ах дүүдээ явуулсан ганцхан ширхэг гар утас зэргээс гаалийнхан татвар авах нь утгагүй. Харин нэг төрлийн барааг олон ширхэгээр оруулж ирэх гэх мэт арилжаа наймааны зориулалтай бараанаас татвар авах хэрэгтэй. Ингэх гэж л гаалийн байцаагч ажиллуулж байгаа биз дээ” гэж байлаа. Энэ мэтчилэн гаалийн татвартай холбоотой санал шүүмжлэлүүд уулзалтын үеэр нэлээд яригдаж байв.
.
Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилийн “Гааль бизнесийн зөвлөлдөх уулзалт”-ын үеэр бизнесийн байгууллагын төлөөллөөс гаальчдын харилцааны соёлыг дээшлүүлэх, ёс зүй ур чадварыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулан, авилгаас ангид байлгах, хил хяналтын байгууллагуудын уялдааг сайжруулах гэх мэтчлэн маш олон саналууд ирж байжээ.
.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ