Түмнээ бодох уу, түрийвчээ бодох уу
Үнэ тогтворжуулах хөтөлбөр мундраа хутгаж байгаа олон жишээ байна. Цагаан сар хаяанд дөхөөд ирэхээр бараа бүтээгдэхүүний үнэ тариф тэнгэрт гарчихаад “Үнэ тогтвортой байна гэсэн яалаа.. яалаа даа. Ерөнхий сайд аа” гэж тавлаж эхэллээ. Мөнөөх статистикчид нь “нэмэгдээгүй ээ, харин ч буурч байна” гэж ам шүд алдан өгүүлж суух.
6
Оны өмнө “Магнай трейд”, “НИК” компаниуд орон нутагт шатахууны үнэ нэмээд удаагүй байтал саяхан “Жаст Ойл”-ынхон шатахууны үнийг бүх салбар дээрээ 40 төгрөгөөр нэмэгдүүллээ. Шатахуун нэмэгдсэний маргаашнаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихлөө. Хойшид ч өснө гэж захынхан ярьж байна. Уг нь Орос Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар экспортын шатахууны үнийг тогтвортой байлгаж, хангамжаа бууруулахгүй байхаар оросуудтай тохиролцоонд хүрсэн гэж байсан. Гэтэл байдаггүй үнэ хөөсрөөд явчихлаа. Тэртэй тэргүй цалин тэтгэврээ нэмэгдүүлэх гэж улайм цайм гүрийж байгаа Засгийн газар тун эвгүй шахаанд орчихов бололтой. Дээр нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд цацсан их мөнгө хааш нь орчихсоныг тайлбарлаж чадахгүй суугаа нь бүр ч нэрмээс болж байна.
6
Бензин шатахууны бүрэн хамааралтай Монголын эдийн засаг ямар нэгэн дархлааны системгүй байгаагийн гол шалтгаан бензин шатахууны хараат байдал. Нефть боловсруулах үйлдвэр барина, нүүрснээс түлш шатахуун гаргаж авна энэ тэр гээд өчнөөн жил ярив даа. Болж бүтсэн юм алга. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт зарцуулсан их наядаар тоологдсон тэр их мөнгөөрөө энэ үйлдвэрүүдээ барьчихаж яагаад болохгүй байна вэ. Жилийн дотор бариад өгье гэсэн гадны туршлагатай компаниуд байсан шүү дээ. Гадныхныг хардаад байгаа бол Монгол эрдэмтэд нүүрснээс шатахуун, түлш авах шинэ технологи нээчихсэн байхад тэдэндээ хэдэн цаас өгөөд дотоодын компаниудыг уриалаад гаднаас хамааралгүй болчих боломж бас бий. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг шиг төр шат шатандаа гүймэг ухаанаар хандахгүй бол энэ улс орон яаж эв зүйндээ орох билээ.
6
Импортлогч хэдхэн компани эдийн засгийн судсыг атгачихаад л бууж байна. Долларын ханш нэмэгдчихсэн, оросууд үнэ тарифаа нэмчихсэн гэхчлэн хэдхэн тайлбартайгаар үнэ нэмнэ. Эдийн засагт өгч байгаа ачаалал ямар хүнд байгааг боддог ч юм уу, боддоггүй ч юм уу бүү мэд. Импортлогчдын бензин шатахууны дийлэнх хэсгийг уул уурхайн мангасууд залгиж байгаа. Энгийн хэрэглээнд 10 хүрэхгүй хувь нь гардаг шүү дээ. Энэ хувь хэмжээг жаахан нэмэгдүүлээд алдагдлыг нь тэртэй тэргүй ашигтай ажиллаад байгаа уул уурхайн компаниудад борлуулж байгаа үнээсээ бланс бариад явахад болохгүй гэх газаргүй баймаар. Үгүй юм аа.
6
Үнэ тогтворжуулах хөтөлбөр гаргаж шатахууны үнийг тодорхой түвшинд барьж байсан. Ингэхийн тулд Уул уурхайн яам, Монголбанк хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгох байдлаар эргэлтийн хөрөнгийг нь санхүүжүүлсэн юм. Үүнд хамрагдан зээл авсан компаниуд гэрээнийхээ дагуу зах зээлд онцгой нөхцөл үүсээгүй бол барааныхаа үнийг нэмэхгүй байхаар болсон. Гэтэл онцгой тохиолдол харагдахгүй байхад 50 төгрөгөөр хээвнэгхэн нэмэгдүүлээд сууж байдаг.
7
Үнэ нэмснээ Газрын тосны газарт албан ёсоор мэдэгдэхдээ тээврийн зардалтай холбон тайлбарласан байна лээ. Дараагийн албан бус тайлбар нь ам долларын ханшны хэлбэлзэл гэнэ. Шатахуун импортлогчид ам.долларын ханш нэмэгдэхэд шатахууны үнэ нэмэгддэг гэсэн зарчмаар ажиллаж байна. Тэдэнд импортын барааныхаа үнийг тогтвортой байлгаарай гэж зээл өгөхийн хэрэг байна уу. Засаг төр яагаад стратегийн чухал импортын бараандаа хяналт тавьж чаддаггүй юм бэ. Хэдхэн нөхдийн амнаас гарсан үг болгон дээр бөхөлзөөд улсынхаа улаан голыг самарсан шиг мөрөө хавчаад зогсч байдаг. Зах зээлийн эрэлт хэрэгцээний хууль гэж бий. Үгүйсгэх аргагүй. Гэхдээ стратегийн бүтээгдэхүүний импорт дээр хувийн хэвшилд найдах бус төрийн зохицуулалтаар ул суурьтай хандмаар байгаа юм даа.
6
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ