Т.Лхагва: Өдийд 10 тэрбум ам.доллар эдийн засагт эргэлдэх байсан
Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын ассоциацийн ерөнхийлөгч Т.Лхагватай ярилцлаа.
:
-Хөрөнгө оруулалтын тухай хууль хэр нүдээ олсон гэж бодож байна?
-Нүдээ олсон гэж хэлж чадахгүй. Яахав туслах үүрэгтэй. Энэ хуулийн үндсэн утга санаа нь “Татварын орчинг тогтвортой болголоо шүү, та нар ирж ажлаа хийж болно” гэсэн агуулгатай. Гэтэл татварын асуудал ажлаа хийж эхэлсний дараа л яригдана. Уг нь бол хамгийн эхлээд эрхзүйн орчны шинэчлэл буюу уул уурхайнхны хөлнөөс дүүжлээд усанд живүүлээд байгаа чулуунуудаа авч хаях хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, булгийн усыг хаасан том чулуугаа авч хаях хэрэгтэй. Үүнд би уул уурхайн бизнес эрхэлдэг лиценз эзэмшигчдийг хэлж байгаа юм.
.
-Одоогийн байдлаар лиценз эзэмшдэг хичнээн компани байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар лиценз эзэмшдэг 1300 гаруй компани байна. Үүний 800 гаруй компанийнх нь үйл ажиллагааг төрөөс ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасчихсан. Иймээс өнөөдөр 2014 оныхоо ажлын төлөвлөгөөг гаргаад хийж буй байгууллага маш цөөн байгаа. Ихэнхи нь тайлангаа Ашигт малтмалын газар авч очоод батлуулах гэхэд хүлээж авахгүй байна. Учир нь танайх тусгай хамгаалалтын талбайд орчихсон байна ч гэдэг юм уу эсвэл танай талбайг орон нутаг нь аймгийн нөөцөд авчихсан, төрийн тусгай хэрэглээний талбайд багтсан гэх мэтчилэнгээр үйл ажиллагааны тайланг нь хүлээж авдаггүй. Тэгвэл тухайн хүмүүсийн лиценз цуцлагдсан юм уу гэхээр үгүй хүчинтэй гэдэг.
6
Өөрөөр хэлбэл, Байгаль орчны яам гэдэг бие даасан байгууллага УИХ-аар тогтоол шийдвэр гаргуулчихдаг. Энэ нь эцсийн бүлэгтээ хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байна. Товчоор хэлэхэд, ерөөсөө л Монголын эдийн засгийг унагачихаад байгаа булгийн эхэнд байгаа том хар чулуу чинь энэ шүү дээ. Тиймээс өнөөдөр эрхзүйн шинэчлэл хийх шаардлагатай байна.
.
-Тэгэхээр ойрын 2 жилдээ хөрөнгө оруулалт төдийлөн сайжрахгүй гэж ойлгож болох нь ээ?
-Одоо үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулчихаад байгаа компаниудын асуудлыг шийдээд энэ хүмүүсийн ажлыг эхлүүлэх юм бол тэд наад зах нь ажлын төлөвлөгөөгөө боловсруулж ажлаа эхэлнэ. Бидний явуулсан судалгаагаар хайгуулын буюу ашиглалтын урьдчилсан хөрөнгө оруулалтад 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан. Энэ нь хөрөнгөө оруулсан ч үйл ажиллагаа нь гацчихаад байгаа байгууллагуудын оруулсан мөнгө юм. Эдгээр хөрөнгө оруулагчид цаашдаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл ойрын 5 жилдээ 30-50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд оруулна. Үүнээс харахад бид ямар их боломжоо алдаад байгаа нь харагдаж байгаа биз. Хэрвээ 2009 оноос хойш ийм байдал үүсээгүй байсан бол өнөөдрийн байдлаар 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд эргэлдээд, эдийн засаг хүнд байдалд орохгүй байсан.
_
-Олборлогчоос үйлдвэрлэгч рүү гэж сүүлийн үед их ярих болсон. Манайд уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулагчид хэр сонирхолтой байдаг вэ?
-Уул уурхайн салбарынхан чинь зөвхөн алт, зэс олборлож гадагш нь зөөгөөд байдаггүй шүү дээ. Манайд төмөр болон зэсийн баяжуулах үйлдвэр, нүүрс угааж гаргая гэх мэтчилэн экспортын салбарт өртөг нэмсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой хөрөнгө оруулагчид их бий. Гагцхүү ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа тул түүхий эд байхгүйгээс боловсруулалтын олон үйлдвэрүүд өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байдалд орчихоод байгаа.
6
Эдгээр хүмүүс төрийн зүгээс санхүүгийн дэмжлэг хүсээгүй. Бүгд өөрийн хүчээр, гаднаас хөрөнгө оруулалт татаад үйлдвэрээ байгуулж, олон хүнийг ажлаар хангая гэж байгаа. Үүнээс гадна уул уурхайн компаниуд 20 гаруй нэр төрлийн татвар төлдөг. Мөн уул уурхайн салбарт 1300 гаруй компанийн 60 орчим мянган хүн ажилладаг. Үүний 70-80 хувь нь ажилгүй байгаа. Уг нь бол энэ хүмүүс сарын 1-5 сая төгрөгийн, Монголын хамгийн өндөр цалинтай хүмүүс шүү дээ.
.
-Засгийн газраас энэ салбарт хууль эрхзүйн шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа. Үүний үр дүнг хэрхэн харж байна?
-Шинэчлэлийн Засгийн газар энэ салбарт өөрчлөлт хийх гэж оролдож байгаа ч маш удаан байна. Ийм байдлаар явбал 2014, 2015 онд ямар ч үр дүн гарахгүй байсаар эргээд сонгуулийн жилтэй золгоно.
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ