“Охидын эрхийн дуу”-г Д.Маралжингоо дуулна
“Гүнж” төв, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ хамтран охидын эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор “Охид хүчирхийллийн бай биш” сэдэвт кампанит ажлыг ирэх гуравдугаар сарын 8-ныг хүртэл өрнүүлэхээр болсон билээ.
Уг ажлыг хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал өнөөдөр “Улаан гэр” арт галлерейд “Охид хүчирхийллийн бай биш” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээгдээд байна.
Түүнчлэн олон нийтэд дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Охидын эрхийн дуу” бүтээжээ. Тус уран бүтээлийг дуучин Д.Маралжингоо болон “Honeymoon” хамтлаг дуулж олон нийтэд хүргэх юм байна. Дууны клипэнд 4200 охин эрхийнхээ төлөө тэмцэж, флаш моб хийж оролцох аж. Мөн 200 охиныг хамруулсан “Охидын эрхийн форум”-ыг ирэх сарын 24-нд зохион байгуулах төлөвлөжээ.
Хууль зүйн яам, нийслэлийн Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр өнгөрөгч оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд насанд хүрээгүй 109 охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан бол мөн оны аравдугаар сарын байдлаар нийслэлд хүүхэд хүчиндсэн 54 гэмт хэрэг бүртгэгджээ. Ингэснээр өмнөх оныхоос 17 тохиолдол нэмэгдсэн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ