Алтайд “боевик” хэрэггүй
Цагаан сарын ууц, ул боовны араас Говь-Алтай аймгийн дахин сонгууль олны анхааралд орж ирж байх шиг байна. Маш хуучны бохир технологитой, хөдөөний иргэдийн тархийг угаах сонгуулийн сурталчилгаа нэртэй хов, хэрүүлийн алим бөөндөх аян эхэлсэн байна. МАН-ын шинэхэн генсек Мөнхбатын хувьд намаа оройлсон анхны сонгууль нь мөн тул өөрийн намынхныг алмайруулж өрөөлийн намыг барайлгах янз бүрийн л төлөвлөгөө боловсруулсан бололтой юм.
:
Тэрбээр сонгуулийн шуугианаа томоохон дуулианаас эхлэхээр шийдсэн бололтой ноён гишүүн Ч. Сайханбилэгийг онилжээ.
.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг 2013 оны есдүгээр сарын 18-нд Говь-Алтай аймгийн Засаг даргад хандан Их, Бага дархан цаазат газрын хил хязгаарыг багасгаж алт олборлолт явуулах боломжоор хангах хүсэлтийг илгээсэн тухай шуугиан дэгдлээ. Урьдын явдлыг сөхөөд л гэж Ч.Сайханбилэг нь хариу тунилаа олигтой няцаасан ч үгүй.
:
Гэхдээ л эх орноо сэндийчих эрээн мяраан цаас дээгүүр их нисэлддэг нь олонд ил болсон нь энэ нөхөн сонгуулийн нэг том хаялга гэж үзэж болохоор байна.
.
Өнгөрсөн хэдэн өдөр дахин сонгуулиар орон нутгийн эрх мэдлийг авч олонх болохын төлөөх намуудын улайрал хүчээ авч байгаа нь мэдрэгдэж байлаа. Дахин сонгууль болох нь наанаа шударга ёс боловч цаанаа нутгийн олонд халтай байх шиг харагдлаа. Цагаан сар амны билэг наашилж байхад улаан, цэнхэр саарлаараа талцан улстөрчиж, бие биеэ гүтгэхээс эхлээд эрээгүй доромжлох хүртэл ёс зүй жудагаа гээсэн дүр зураг Алтай нутагт бий болж байх шиг байна.
.
Малчдад хайртай гэдгээ баталсан намын дуу хоолой чуулганы танхимд өндөр авч эхэлсэн нь саяны хэдэн өдөр мэдрэгдлээ. Малчидын тэтгэврийн насыг урагшлуулах тэдний хөдөлмөрийг хүнд хэлбэрт тооцох, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх даатгалтай хэрнээ эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй байдлыг халах гээд л олон жил яригдсан нийгмийн том асуудлууд Говь-Алтайн дахин сонгуулийн буянаар Сар шинийн өмнөхөн шийдэгдчих нь үү гэмээр байлаа.
.
Дахин сонгууль зарлах түлхүүр болсон МАХН нь хэр чансаатай өрсөлдөж явааг хэлж мэдэхгүй ч танхим нэгт АН-ынхаа шахаанд орж МАН-ын саналыг хуваах далд үүрэгтэй оролцож яваа гэсэн яриаг сөрөг хүчнийхэн босгож байгаа бололтой. Энэ сонгуулийн сурталчилгааны ажил хэрүүл дайралтаар эхэлсэн чигээрээ өнгөлж хэдэн идэвхтэй улс төржсөн иргэд нь намчирхан талцаж заамдалцахаас наагуур юм болж байгаа тухай нутгийн хүн халаглан ярилаа. Сонгуулиар доншуучид олширдог. Гайхалтай уран илтгэгч, ятгагч гүтгэгчээс эхлээд түмэн зүйлийн нам хүчний зүтгэлтнүүд очиж сонгуулийн суртачилгаа хэвийн явцыг будлиантуулдаг. Үүнийхээ төлөө тэд шагнал хөлс авдаг. Тэгээд санал хураалт дууслаа хэтэвчээ зузаалаад буцна. Ялсан ч ялагдсан ч тэмдэглэж архидна. Харин хойно нь тогоон дотроо нутгийн хэд ахан дүүс, аймаг хошууныхан сэтгэл дундуур хов хэрүүлийн ацагтай үлдэж улс төржиж талцаж хуваагдсанаа мэдэрч үлддэг.
.
Нутгийн өөрөө удирдах ёсны эрхээ хэрэгжүүлэхээр хэн нэгнийг ИТХ-д сонгох энэ энгийн сонголтоо хийх явцыг нь эрхэм доншууч Пи-Арчид будлайнтуулахгүй байвал сайнсан.
.
Уугуул суугуул нутагтаа, мэдэх таних хэдэн хүнээ өрсөлдүүлээд л саналаа өгчихийн зайд улаан, цэнхэр булан үүсгэж жирийн олныг боевикдуулах хэрэггүй юм. Алтайд хэрүүл талцал биш сонгууль болоод өнгөрөх ёстой.
.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ