Цэр цээжиндээ бөөр бөгсөндөө байг
Хууль тогтоогч нь хууль тогтоогч шиг, хууль биелүүлэх үүрэг хүлээгч, биелүүлэгч л байхыг хүссэн уур амьсгалаар парламент он гарсаар жинхэнэ амьсгалж байна. Уг нь 1992 оноос хойш ийм л зарчмыг удирдтгал болгосон засаглалын дэг журам Үндсэн хуулиар баталгаажин хэлбэрэлтгүй явж ирсэн. Оносон алдсан нь ч бий. Гэхдээ засаглалын хуваарилалт эцэг хуулийнхаа үйлчлэлээр бүрдэхийг чармайж ирсэн юм. 1996 онд АН олонхи болсон нэртэй ч ямар ч хуулийг О.Дашбалбар агсангүйгээр гаргаж чаддаггүй байлаа. Тэр ямар санал өгнө тэр зүгт асуудал олонхийг бүрдүүлэн шийдэгддэг байлаа. Ерөнхий сайдаа сонгож чадалгүй олон ч чухал реформоос хойш ухарсан.
1
Эцсийн бүлэгт УИХ-ын гишүүн сайд байж болох гаргалгааг Үндсэн хуульдаа хийсэн дээ. Үндсэн хуульд дүрсэн, дордуулсан долоон зүйлийн гар дүрэлтээрээ Засгийн газар, УИХ-ыг огтоос ялгахааргүй болгож, гишүүд болгон шахам сайдын давхар дээл нөмрөх болсоор төрийн бодлого үндсэндээ алдагдсан. Засгийн газрын шууд харьяан дор УИХ нь утсан хүүхэлдэй болж хүссэн бүхнийг батлаж хэдэн арван их наядаар тоологдох их хөрөнгө үрэн таран болсоор 14 дөх жилийнхээ нүүрийг үзэж байна.
1
Өнөөдөр энэ алдаагаа засах гэж хоёр нам санал нэгдэж байх шиг байна. Аргагүй шүү дээ аль аль нь бодлогоо хэрэгжүүлэхэд энэхүү өөрчлөлт чөдөр тушаа болж байгаа юм чинь. Засгийн газрыг нь намын дарга удирддаг, Засгийн газар нь УИХ-аа удирддаг бичигдээгүй хуультай юм чинь төрийн ажил яаж явах вэ дээ. Тэгээд л “хоёр чөтгөр” өөрсдөөсөө бурхан хууль гаргахыг шийдсэн хэрэг. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр санал зөрөлдөөн их. Гагцхүү хууль хэрэгжүүлэх хугацаан дээрээ зөрөөд байгаа мэт ойлголт олон нийтэд төрж байгаа ч үнэндээ тийм биш юм.
1
МАН-ынхан хууль хэрэгжих хугацааг энэ оноос эхлүүлээд зогсохгүй Ерөнхий сайд /засаглалын 50 хувь/ УИХ-аас байж болно гэсэн АН-ын саналыг жадлан эсэргүүцэж байгаа. Өнгөц харвал гүйцэтгэх засаглалын давхар дээлийг тайлсан мэт харагдавч үгүй юм. Ингээд батлачихвал Ерөнхий сайд нь хэвээр үлдээд гишүүд нь өөрчлөгдөнө. Чанарын ялгаа байхгүйг МАН-ынхан зөв харжээ. Ингэж зүтгэснээрээ тэдэнд ямар ч үнээр хамаагүй Засгийн ажлыг хиртээж улмаар ор мөргүй танхимаар нь явуулчих сонирхол бий.
1
АН-ын зарчмын зөрүүтэй санал нь бүүр утопи. УИХ-ын сонгуульд аль ч нам, эвсэл олонхи болоогүй нөхцөлд Засгийн газрын гишүүний гуравны хоёроос ихгүй нь УИХ-аас сонгогдож болно гэсэн санал. Ийм хууль батлаад ч яах юм. Өмнөхөөсөө ялгаа юу. Гол сайдууд УИХ-аас, Ерөнхий сайдтайгаа цуг танхимаа бүрдүүлнэ. УИХ дахь лоббигоо Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын даргаараа дамжуулан хийж хүссэнээ батлуулж дөнгөнө. Нүдэн дээрээ сайхан дүр эсгэвч улам л зантгар төр гаднаасаа эс харагдавч дотроосоо бүхнийг тольдох шилэн бүрхүүлийг нөхдүүд санал болгоод байна.
1
Ерөнхийлөгч дуугүй суусангүй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд заасан үзэл баримтлалаар Засгийн газрын танхимын Ерөнхий сайд нь зөвхөн УИХ-аас, бусад гишүүд парламентын гаднаас сонгогдох заалттай. АН-ын угшилтай болохоор тэгэхээс ч өөр аргагүй юм. Гэхдээ аль аль нь тийм ч их газар авахгүй. Үндсэн хуулийг дордуулсан долоон зүйлээс ч илүү Засаглалын тэнцвэржилтэд гамшиг тарина. Эцэг хуулийн өөрчлөлт өнөө хэр нь хүчин төгөлдөр хэвээр байгаа. Түүнийг өөрчлөхгүйгээр УИХ, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулсан шиг нүд хуураад нэг их хол явахгүй. Санаа санал нь нэгдээд байгаа ч гэсэн тун ойрын хугацаанд мундраа хутгаад л дуусна.
1
Үндсэн хуулийн Цэц хориг тавих нь зайлшгүй. Хууль зөрчиж дураараа дургиж байгаа нөхдийн өмнөөс Үндсэн хуулийн “цаазын ял” сонсгоно. УИХ тэрнийг нь гуравны хоёроороо эсэргүүцвэл хууль хүчин төгөлдөр болно. Үндсэн хууль эцэг хууль байж, манаачид нь манах эрхзүйн орчин нь хангалттай юу гэдгээс манай засаглалын хямрал, ухаалаг тунгалаг төрийн баталгаа хамаарах юмсан. Нууц товчоонд өгүүлсэнчлэн хэн дуртай нь олонхиороо дархлааг нь эвдэж, вирус түгээж байдаг ийм хуулийн засаглал манайд хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу. Эсвэл МАН-ын, эсвэл АН-ын хуулиар л амьдарцгаая л даа монголчууд аа.
1
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ