Цалин нэмэхэд ууц хямдрахгүй
Эдийн засгийг эдийн засагч нар л ярьсан нь зөв байх. Энд зүгээр морин жил бидэнд сэхнэ сэрнэ гэж найдах зүйл хэр байгаа талаар өөдрөг талаас нь харах гэж оролдож байна.
6
Ирэх жил сайжрах нүхээ ухаж амжуулсан нэг том ажил энэ их хуралд бий. Хөрөнгө оруулалтын тухай хуулиа эргэн харж долларыг үргээсэн биш далласан хууль батлаж чадлаа гэж мэдэгдсэн. Ганц гадныхан бус төгрөг атгаж түмэн татварт дарлуулсан үндэсний хэдэн компаниа ч орхиогүй адилхан бодолцож хийсэн заалттай гэдэг. Гэхдээ энэ бол эрх зүйн зохицуулалт талаас нь тавьж үзэж байгаа хэрэг. Эдийн засгийн өсөлт гэж угтаа их прагматик шинжтэй байхыг иргэд хүсч байна. Макро, микро үзүүлэлт түвшинг яаж тогтоож авч явахаа татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг салбарынхан хийг, харин бидний худалдан авах чадвар сайжирч өдөр тутмын дарамт хөнгөрч байх ёстой гэж иргэд хэлнэ. Мөн өнгөн засал, популист хөөрөгдөл биш зөв бодлого дээр суурилсан бодит өсөлтийг төр хангаж ажиллах ёстой. Иргэдийн энгийн хэрнээ голч энэ хүсэл дээр авч үзвэл эдийн засгийн өсөлт, хөгжил гэдэг ашиг орлого авчрах салбар, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг олшруулахыг хэлэх юм. Харин одоог хүртэл үүний яг эсрэг орчинд манай эдийн засаг судасны сулхан цохилттой явж ирсэн гэж эдийн засагчид дүгнэж байгаа. Уул уурхайн салбараас, ялангуяа нэг том компаниас хараат байгааг өнгөрсөн онд орой руугаа ортол ойлгосон бид. Дараагийн баяраар түрийвчинд хэдэн төгрөгтэй дэлгүүр зах дээр хямарч явахыг, ирээдүйд ямар мөнгөний эх сурвалжтай байх нь уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, түүний дэлхийн зах зээл дээрх ханшны өсөлт бууралт зэргээс хамаарч байна. Өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт 11 хувьтай байсан ч хөрөнгө оруулалт 46 хувиар буурсан, гадаад худалдаа нь 1.8 тэрбум долларын алдагдал хүлээсэн, олон улсын зээлжих зэрэглэл буурсан таагүй үйл явдалтай байсныг эдийн засагчид сэтгэл дундуур хэлсэн. Харин энэ жилийг өөдрөгөөр харж болно гэж дийлэх олонх нь дуугарч байна.
6
Эдийн засгийн төлөв гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаална. Манай улс эдийн засгийн өсөлтийнхөө оргил үед буюу 2011 онд хэрэглээний эдийн засгийг сайн хөгжүүлжээ. Харин эндээс олсон хөрөнгөөрөө худалдан авалт хийсээр их ашиг орлого арвитгаж хөрөнгө нөөцөлж чадаагүй учир эргээд хямарч байна. Энд ганц манайх ч биш дэлхийн зах зээл ч хямралтай байгааг тэд онцолжээ. Тэгэхээр энэ жил дээр доороо хэн хэн нь олсоныгоо бүгдийг нь зарцуулаад дуусах биш, цааш нь хураах хэрэгтэй гэдэг найрсаг зөвлөгөөг бид хүлээн авах хэрэгтэй юм.
6
Гэгээлгээр харвал ирэх онд эдийн засаг дөрөв, тавдугаар сараас сайжрах төлөв бий гэнэ. Учир нь улсын экспортын орлогыг бүрдүүлэгч уул уурхайн компаниуд ажлаа эхлүүлж, алт, нүүрсээ олборлоно. Үүний хаялгаар эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээгээр одооны байгаа төвшнөөс 1-2 хувиар өсөх байх. Мөн хамгийн том төсөл болох Оюутолгойн санхүүжилтийн асуудал ахицтай болж, дөрөв, тавдугаар сараас ашиг орлогоо цацаж эхэлж магадгүй гэсэн хүлээлт ч байна. Үүн дээр Самурай бондын мөнгө эдийн засагт эргээд эхэлчихсэн байгаа. Нэмж харах зүйл бол алдарт бэлэн мөнгөний амлалтын хар мөр болсон Чалкогийн өрийг энэ онд дуусгаж чадна гэсэн амлалтаар байгаа. Ингэвэл нүүрсний экспортын орлого нэмэгдэж орж ирэх учиртай. Гэхдээ бодит байдал дээр өр төлөлтийн явц муу байгаа талаар яригдсаар байна.
7
Засгийн газрын хувьд дахиж бонд зээл авах тухай ярих бол том тэнэглэл болох бөгөөд одоо авчихаад байгаагаа эдийн засагт оновчтой шингээх нь чухал болоод байх шиг байна. Улс орны нийгэм эдийн засгийн амьдралд үүсч байгаа хүндрэл бүхнийг энэ засгийн газрын буруу бодлого алдаа гэж шүүмжлэх хэсэг байгаа ч мөн урд онуудын хуримтлагдсан эдийн засгийн том асуудлуудтай тулгарч буланд шахагдаж байгааг зөвшөөрөх ёстой юм. Энэ Засгийн газар жижиг өр популизм хийхийг алгасч дэд бүтцийн том төслүүдийг зоригтойгоор эхлүүлж, эдийн засагт их мөнгө эргүүлэх алсыг харсан шинэ мөчлөгийг эхлүүлж байгааг дэмжүүштэй. Урд оны Чингис бондын хөрөнгөөс бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд хаясан мөнгө энэ жилээс эдийн засагт бага ч атугай нэмэх үзүүлэлт босгож ирнэ биз. Гадны нөлөөллийн хувьд, дэлхийн зах зээл Монголын эдийн засгийг хааш нь л бол, хааш нь аваад шидчихэж чадахыг бид харсан болохоор хараат эдийн засгаас зам мөр салгах нь бүгд ярьж зорилго зангидаж хийх эрхэм санаа, туйлын зорилго мөн болох юм.
7
Хэдийгээр доллар цойлж юмны үнэ өсч байгаа ч энэ жилийн эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлж болохоор байгааг төрийнхөн, эдийн засагчидтай хоршин хэлж байна. Нууцаар цалин нэмлээ гээд ууцных нь үнэ буурчихгүй болохоор өөрсдөө баялаг бүтээдэг түүнээсээ орлого олдог болж иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлсэн, нийгэмд ажлын байр бий болгосон, таатай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлдэг суурь сайтай, эдийн засгийн бодит өсөлтийг иргэд морин жилдээ хүлээж бас ерөөж суугаа.
7
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ