Хүн алах хуультай
Албаныхны хийсэн тооцоогоор Монгол Улс 2005 онд гурав, одоо дөрвөн сая иргэнтэй болох байжээ. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан зургаан сая иргэнтэй байх ёстой хэмээн мэдэгдэв. Харин одоо бид 2.9 саяулаа. Байх ёстой гэж тооцсоноос хасагдсан 1.1-3.1 сая монгол хүн хаачив? Гадны аль нэгэн орны иргэн болохоор саяараа шилжив үү, эсвэл олныг хамарсан гай гамшиг тохиолдов уу? Аз болоход сая хүнийг хамарсан гэнэтийн давагдашгүй зүйл болоогүй. Харин мэргэжилтнүүдийн хүн амзүйн тооцоо ийн хол зөрүүтэй байгаагийн гол шалтгаан нь үр хөндөлт. Өөрөөр хэлбэл, ямар нэг гай гамшиг бус ухамсарт хүний хийсэн үйлдлээс болж, саяар тоологдох иргэн хүн амын тооцоо, бүртгэлд орох хувь дутсан гэсэн үг. Б.Болдсайхан эмчийн хийсэн тооцоогоор 1.1 сая хүний 800 орчим мянга нь үр хөндөлтийн нөлөөгөөр устгагджээ. Үлдсэн нь 300 мянган хүн нь өөр ямар нэг шалтгаанаар нас барсан. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 3 сая удаагийн үр хөндөлт хийгдсэн тухай ярьж байна.
.
1989 он хүртэл Монгол Улс маш хатуу заалтын дор үр хөнддөг байсныг эмч нар ярьдаг. Тодруулбал, эхийн амь насанд халтай үед эмч нарын зөвлөгөөний хурлаар хэд хэдэн удаа оруулж, Эх нялхас, нэгдүгээр төрөх эмнэлэг зэрэг хэдхэн газар хийдэг байж. Зайлшгүй шаардлага гарсан учраас таньдаггүй бурханыг явуулаад, таньдаг чөтгөрөө авч үлддэг байв. Эмч, эрүүл мэндийн салбарын хяналтад байсан үр хөндөлт 1989 оноос эхлэн бүхэлдээ чөлөөтэй болсон. Эрүүл мэндийн хуулинд байсан хориотой гэх заалтыг авч, гэр бүл төлөвлөлт гэх сүржин лоозонгийн дор хүссэн нь хүүхдээ гаргаж, хүсээгүй нь авахуулж болно хэмээн тунхаглав. Эрх чөлөө үнэртсэн хөрсөнд эмэгтэйчүүдийн гэх тодотголтой хувийн эмнэлгүүд борооны дараах мөөг шиг ургаж, үр хөндөлт гэгчийг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн. Нэг жилдээ 85 мянган эх төрдөг байсан бол 40 мянга хүрэхгүй болтлоо буурч, гэр бүл төлөвлөлт гэх шинэ нэр томъёо амьдралд бодит биелэлээ олж эхэллээ. Гэхдээ эерэгээр бус сөргөөр байсны үр нөлөө нь өнөөдөр ч байсаар буй. Үр хөндөлт чөлөөтэй болсон 1989 оноос өдгөөг хүртэлх 24 жилийн хугацаанд хичнээн монгол хүний амийг хүсээгүй нэрийн дор хөнөөснийг хэн ч тодорхой мэдэхгүй. Хамгийн багаар бодоход нэг жилд 30 мянган үр хөндөлт хийсэн гэж тооцвол 800-аад мянган хүнээ устгасан хэмээн Б.Болдсайхан эмч тооцоолж. Бараг л сая хүн. Хэрвээ үр байхад нь хөндсөн тэр 800 мянган “хүн” өнөөдөр хүн болсон бол 20 орчим насны шижигнэсэн залуус байх нь. Эхний хэсэг нь, магадгүй 100 мянга нь өөрсдөө эцэг эх болчихсон, дахиад 50, 60 мянган шинэ хүн өлгийдөж аван, эх орны хөгжилд хувь нэмрээ оруулах байлаа. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд хийсэн нүгэл Монгол Улсад асар их гарц хохирол байсныг хэлэх нь илүүц биш.
.
Уг нь төрөлт нэмэгдэж байгаа сайхан мэдээ бий. Өнгөрсөн онд гэхэд 80 мянган үрээ өлгийдөж, түүхэнд тэмдэглэгдсэн. Гэвч сайхан мэдээг давж гарах эмгэнэл нь нөгөө л үр хөндөлт. Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд өдөрт 100 эмэгтэй үр хөндөлт хийлгэдэг гэсэн тоо баримт бий. Тэгэхээр нэг жилд 30-40 мянган эх үрээ устгадаг байх нь. Нэг жилд дундажаар 35 мянган үр хөндөгддөг гэж тооцвол дараагийн 24 жилд 840 мянган хүнээ хүсээгүй гээд алах нь.
.
Жирэмсэн болохоос хамгаалах сонголтын тухай бодоогүй хэрнээ үр тогтсон хойно устгах нь сонголт тэр тусмаа эх хүний эрх гэж эндүүрэх хэрэггүй. Зайлшгүй шаардлагын улмаас үр хөндүүлсэн нэгнийг уучилъя. Харин жаргалдаа ташуурчихаад хэвлийдээ байгаа гэм буруугүй нэгнийг хөнөөж буй эмэгтэйд өршөөл байхгүй. Өнөөдрийн алдаа гэж таслуулсан тэр хүйн холбоо хожмын өдрийн халаглаж, харамсаад ч эргэж холбогдохгүйг ухаараасай. Монголын үрс маш олон болох болтугай гэж ерөөмөөр л байна. Харамсалтай нь олон болох боломж хэтэрхий урт бас бартаатай замыг туулах бололтой.
_
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ