Бүтээн байгуулалтыг үзээд л “чад”
Энэ жил бүтээн байгуулалтад их наяд төгрөг зарцуулж байгаагаас хэд нь эрүүл мэндэд бол. Амлалт ба ард нь гарч байдаг тайлангаар бол жил бүр дор хаяж 50 мянгаар ажлын байр нэмэгдэж байна. Үнэн байлаа гэхэд энд нь ажиллах, эрүүл монгол хүн хэд байна. Оточ ламаас залдаг эм тан шиг хүртэх төдий төсөвтэй эрүүл мэндийн салбар хүнээ эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх байтугай өвчтэй хэвтрийн хэдэн хүнээ авч дийлэхгүй байгаа уймарсан яриа, жагссан гомдолтой хэдэн жил эргэж байгаа билээ. Маш удаан хугацааны бодлого томоохон шаталсан хөрөнгө оруулалтаар босч ирэх эрүүл мэндийн салбар яг хэзээнээс уруудаж эхэлсэн бэ гэвэл тэртээх 20 жилийн өмнөх ардчилсан хувьсгалын эхэн, шилжилтийн үе рүү очих болно.
5
Өнгөрсөн 20-иод жилд эрүүл мэнд, нийгмийн даатгалын систем, улсын гэх эмнэлгүүдийн зохион байгуулалт, үйлчилгээний стандарт нь дэлхийн хөгжлөөс дэндүү олон жилээр хоцрогджээ. Өвчтөн олон хоногоор эмнэлэг дамжин дугаарлаж, түмэн шинжилгээ хийлгэдэг ч, түүнийгээ тайлж уншуулж, оношоо олох гэж цаг алдаж, дараа нь ор хүлээж цөхөрч байна. Онош нь буруу тогтоогдсон иргэд олон хоног буруу эмчилгээнд явж шаналан, мөнгөтэй нэг нь өвдөнгүүт гадагшаа явж шинжлүүлэх сонголтыг хийж Хөх хот, Бээжин, Бангкок, Сингапур, Сөүлийн эмнэлгийг зорьж, олон зуун сая доллар гадагш гаргасаар байна. Гадагшаа эмчилгээ хийлгэхээр зорих хүмүүсийн цөөнгүй нь эрүүл мэндийн төсөв батлахад кнопоо хасах талд нь дардаг төр засгийн түшээд, тэдний гэр бүл төрөл төрөгсөд байгаа юм. Ингээд бичихээр өнөө сайд руу нь шидэх чулууг гарт нь өгсөнтэй адил юм болж, сайдыг нь яамыг нь дайруулж сайн улс төржүүлээд утгыг нь алдуулж асуудлыг харах түлхүүр гаргалгаанаас нь төөрүүлнэ.
6
Эрүүл мэндийн салбарт бугшсан олон зүйлт бурууг хэн нэг сайд, албан тушаалтан гэхээс төрөөс өөрөөс нь тохоон асуумаар байгаа юм. Аль ч засгийн үед яагаад эрүүл мэндийн салбарын төсөв мөнгө сахар долоох шиг чамлалтай байдаг юм бол.
6
Одоо гацаад байгаа, ажил нь зогссон олон эмнэлгийн барилга байна. Царцаад дутаад байгаа мөнгө нь төсөвт суухгүй л байгаа болохоос төрийн нөөцөд байгаа. Улс төрийн сонгуулийн зорилгоор популизм хийхээр босгодог 850 тэрбумынхаа талыг нь зоригтойхон энэ салбарт хаяхад үйлчилгээ нөхцөл нь өөр болоод ирнэ.
6
Өдгөө эрүүл мэндийн салбарт хамааралтай 38 барилга байгууламжийн 30-ийг нь хөдөө орон нутагт, наймыг нь нийслэлд барьж байна. Таван барилгын ажил нь 2010 онд, 17 нь 2011 онд, 16 ажил нь 2012 онд эхэлсэн ч одоо баригдсаар байна. Ер нь бол сүүлийн 20 жилд нэгдүгээр эмнэлгийн 150 ортой өргөтгөлийн ажил явагдаж байгаа. Дээрх 30 барилгаас 17 нь гэрээний дагуу ажил нь явж байгаа бол 16 нь барилга угсралтын ажил удааширсан, тав нь бүрэн зогссон талаар хэвлэлд мэдээлжээ.
6
Шинэ онд Ерөнхий сайд 85 цэцэрлэг, 80 сургууль, 26 эмнэлэг барина гэсэн амлалтыг өгч байна. Мөн 12 аймагт оношлогооны төв барина. Асар хямралын системтэй бодлогоос гээгдсэн хамгийн их эрэлттэй үйлчилгээг чанаргүй үзүүлж байгаа салбарт дэндүү чамлалтай хөрөнгө төсөв хаясан харагдана. 20-30 мянган хүнтэй аймгийн төвийг эхэлж ачаалалгүй болгох уу, зуу зуун хүний хөлөөр шамбаарсан нийслэлийн эмнэлгүүдийн ачааг хөнгөлж сүндэрлүүлж дуусгах уу. Өдгөө Улаанбаатарт хүмүүс дэлгүүрт биш эмнэлэгт “очерлож” өвчинтэйгээ өөрсдөө тэмцэж байгаа нь тойрч гарахгүй үнэн.
7
Эрүүл мэндийн одоогийн удирдлага санаачилга гаргаж байвч суурь шинэчлэл, их мөнгө шаардсан энэ салбарт тийм хурдан сэхэл оруулчихаж амжихгүй гэдгийг бодит байдал харуулж байна. Улс төрийн өнцөгтэй болоод бухимдсан иргэдийн зүгээс ирэх дарамт шүүмжээр үе үеийн эрүүл мэндийн сайд, удирдах албан тушаатнууд нь хангалттай балбуулсан байх. Харин мөнгөөр зодоод босгоод ирэх хүрэлцээтэй төсвийг атгаж үзээгүй шоовдор салбарынхан.
7
Олон улсын стандартын эмчилгээ, оношлогооны төв Улаанбаатарт ганцыг шинээр байгуулахад жилд 90.000-100.000 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулж, жил тутам урьдчилан сэргийлэх үзлэгтээ монгол хүн бүр хамрагдчих боломж шууд нээгдэх юм. Ийм төв байгуулах дундаж зардал нь 69 тэрбум төгрөг буюу Н. Алтанхуяг Ерөнхий сайдын багцад задаргаа нь тодорхойгүй явж байдаг 50 тэрбум төгрөг дээр нэмээд байгуулчиж болох тухай сэтгүүлчид саналаа хэлж л байсан. Ийм эрүүл мэндийн төв байгуулбал зардлаа төвөггүй нөхөхийг хувийн эмнэлгүүдийн хөгжил цэцэглэлт, иргэдийн гадагшаа явж эмчлүүлэхэд хаяж буй мөнгө хэлээд өгч байгаа. Нэг жилд гэхэд гадагшаа 140 тэрбум төгрөг эрүүл мэндийн шалтгаанаар гарч байгаа гэсэн тоо байдаг.
7
Бүтээн байгуулалт, зам үйлдвэрт хаяж буй их наядын талыг нэг удаа эрүүл мэндийн салбарт шидвэл энэ салбар ямар болох уу. Жаахан хошин шогийн дүрслэлээр харах юм бол байгууллага хамт олноороо амралтанд явдгаа больж, ээлж багаараа эмнэлэгт хэвтэж урьдчилан сэргийлэх болоод тамир тэнхээ нэмэх эмчилгээ хийлгэдэг болж магадгүй. Яагаад үгүй гэж.
Хэрэгтэй гэж үзээд Ерөнхий сайд өөрийн багцаас мөнгө гаргаж ухаалаг торгогчоор цагдаагаа хангасан. Одоо хэрэгтэй гэж үзээд шинэ оны багцаа нэг тэмтэрч эрүүл мэндэд дорвитойхон мөнгө нэмж хаявал Ерөнхий сайдын энэ цагийн их буян болох магад. Харин хүүхдэд чихэр долоолгох шиг бага багаар тараасан мөнгө өгөөд байвал дараа нь хаашаа орсныг хайж олох хэрүүлийн алим л болох юм.
6
Энэ онд Засгийн газар 50 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Залуус тэнд нь ажиллаад амьдрал нь өнгө ороод ирэхэд эрүүл мэнд нь “0” заасан байвал олсон хураасан хэдээрээ зардал хийж Солонгосын эмнэлгийг зорих шаналант тойрог үргэлжлэх юм.
5
“Манай орны тусгаар тогтнолын хамгийн чухал амин сүнс нь Монгол хүн юм...” энэ сүрлэг үгийг Ерөнхий сайд маань саяхан нэг баяраар хэлсэн. Гэхдээ бодит байдал дээр тусгаар тогтнолын амин сүнсүүд чинь олноороо архаг явцтай далд өвчтэй эмнэлэг үйлчилгээнд хүрч чадахгүй яваад байна даа. Нэг их наяд гэдэг шиг нэг л том тоотой мөнгө бариад, далайцтай хөдөлбөл эрүүл мэндийн салбарыг сэхээж болно гэж салбарынхан хэлдэг. Уул уурхай, зам улсад мөнгө авчирна. Тэр мөнгийг эдлэхийн тулд иргэд урт наслах ёстой байх. Бүтээн байгуулатын сайн сайхныг үзэж, амлалтын тань үнэн мөнийг мэдрэхийн тулд бид урт наслах хэрэгтэй байна, Ерөнхий сайд аа. Тэгэхгүй бол таны амлаад байгаа сайн сайхан болохын захыг нь үзээд л “чад” болох ч юм шиг санагдаад, харамсалтай биш үү.
5
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ