Монголын шатарчид дэлхийд дээгүүр “давхиж” байна
Манай гараг дээр 600 сая хүн шатар тоглодог гэж Дэлхийн шатрын холбоо /ФИДЕ/-ны Ерөнхийлөгч К.Илюмжинов тодорхойлж байжээ. Найм наймын 64 нүдэт хөлөг дээр ноён, хатан, тэрэг, морь, тэмээ наймыг, хэзээ ч ухардаггүй найман хүү хамгаалж, харин эсрэг тоглогч, өрсөлдөгч талын ноён руу довтолж, дахин нүүх нүүдэлгүй болгох буюу мад тавихаар оюун ухааны хүчээ уралдуулдаг спорт бол шатар юм. Оюуны их хөдөлмөр, асар их тэвчээр шаардсан энэхүү тоглоомыг дэлхийн өнцөг булан бүрт, өдөр болгон тоглодог, түүгээр хичээллэдэг, түүнгүйгээр амьдарч чадахгүй хүмүүс бий. Тэр бол шатарчид. Тиймдээ ч АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар дэлхий дээр өдөрт 1.5 сая хүн шатар тоглодог гэдэг дүн гарсан байх. Тэдний нэгээхэн хэсэг болсон манай улсын шатарчид энэ өдөр ч гэсэн нүүсээр л байна. Учир нь “2000-аас дээш чансаатай шатарчдын “Цагаан сар-2014” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Бидний сурвалжлагын баатрууд маань ч мөн энд оюун ухааны цэц булаалдаж буй.
Тэртээх 1963 онд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат П.Жигжидсүрэн аймгаа төлөөлөн анх удаагаа Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцоод мөнгөн медаль хүртэж байжээ. Ийнхүү аавтайгаа хамт тухайн үеийн шатрын сургууль болох гэрийн клубээр явж, бага насандаа шатар тоглож сурсан тэрбээр эргэлт буцалтгүй шатрын замыг хөөж, одоо түүгээрээ амьдарч явна. Хагас зуунаас илүүтэй хугацаанд Монголын шатрын түүхийг бичилцэж яваа түүний хамгийн сэтгэлд хоногшсон сайхан үйл явдал нь “ДАШТ-ий алт, мөнгөн медальт манай шатрын спортын хоёр том тамирчин Л.Мягмарсүрэн, Т.Үйтүмэн нарын дараа 1987 онд Шатрын спортын олон улсын мастер цолыг авсан гурав дахь хүн болсон” гэдэг юм билээ.
5
Тэрбээр “Зууны шатар” клубт багшилж, шавь нараа дасгалжуулан, өөрийнх нь өгүүлснээр тэднээс сурч, ер нь шатартай холбоотой бүх зүйлийг хийн, мөрөөдлөө биелүүлж явна. Тус клубт Өсвөрийн шатарчдын хоёр удаагийн улсын аварга Ц.Тэнгис, Арабын нэгдсэн Эмират улсад болсон ДАШТ-нд шатрын спортоор хичээллээд удаагүй ч өндөр амжилт үзүүлсэн н.Батсүрэн, Украйн улсад болсон Олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медаль, хоёр цом авчирсан Ц.Ашид болон улс, хотын аваргаас медаль алддаггүй, эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулах бяцхан ухаантнууд олон бий. Ингээд тэдний багш, шатрын спортын олон улсын мастер, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.
5
П.Жигжидсүрэн: Би мөрөөдлөө биелүүлж явна
5
-Та шавь нараасаа суралцаж байна гэлээ. Хүн амьдралынхаа туршид суралцдаг гэдэг л дээ. Гэхдээ та дөрвөн настай хүүхдээс юу сурч байна вэ?
-Одоо үе чинь миний тоглож, тэмцээнд оролцож байснаас өөрчлөгдсөн байна. Тэр үед компьютер программ зэрэг орчин үеийн тоглолт, шүүлт байгаагүй. Нэг шатрыг гурав хоног тоглодог, өрөг хойшилдог, ДАШТ гурван сар, олон улсынх нь сар үргэлжилдэг, УАШТ 20 хоног явдаг байлаа. Харин би одоогийн энэ бүх юм комьютер, программ, орчин үеийн сургалтуудыг сурах хэрэгтэй болж байна. Хүүхдийг 4-6 настайгаас нь сургаж, бүр өндөр зэрэгтэй шатарчдыг орчин үеийн техник хэрэгслээр сурган бэлдэж эхэллээ. Ер нь хүүхдүүдийн сэтгэлзүй маш их өөрчлөгдсөн байна. 4, 5 настай хүүхдийг юу ч мэдэхгүй гэж ойлгож болохгүй болж. Одоогийн хүүхдүүд тэр үеийн том хүнээс ч ухаантай мэт санагдаж байна. Орчин ахуйгаасаа суралцдаг юм уу, оюун ухаан нь тэгж хөгждөг юм уу, тэдэнд мэдэхгүй зүйл байхгүй болжээ. Тиймээс би өөрийгөө сургах, хүүхдийн сэтгэхгүйд захируулж ажиллах, өөрөө хоцрохгүйн төлөө ажиллах, мөн өөрөө уралдаан тэмцээнд оролцоход дэлхийн уралдаан тэмцээний загвар хэлбэрүүд өөрчлөгдсөн болохоор үүнээс суралцаж байгаа. Заримыг нь ч гүйцэхгүй байна. Ер нь бүх дэлхийн агуу өөрчлөлт дунд явж байна.
-Том хүнээс ухаантай хүүхэд байна гэлээ. Ер нь шатарчдыг их ухаантай хүн гэж боддог?
-Энэ бол харьцангуй ойлголт. Бөхчүүдийг ухаан муутай гэвэл би шатарчдаас илүү ухаантай гэж хэлнэ. Яагаад гэвэл улсын цолонд хүрсэн ланд унаагүй, байр хаусгүй хүн алга. Тэгэхэд манай их мастер том цолтнуудад тийм юм байхгүй. Бүгд л цалингаа аваад жирийн олны адил амьдарч байна. Тэгэхээр үүнийг харьцуулж ойлговол ухаантнууд нь л тансаг амьдарч байна. Үүгээр хэлэх гэсэн санаа бол шатарчид элдэв янзын авлигад өртсөн, хулгай дээрэмд орсон, хийж буй ажлынхаа нэрийг нь гутаасан юм алга, харин нийгэмдээ байр сууриа олоод хүмүүст үлгэр дуурайл болоод ёс суртахуунтай амьдарч байна. Энэ бол шатрын ач тус, түүний мөн чанар юм. Одоогийн амьдрал ахуйгаар нь хүний ухааныг үнэлж болохгүй.
-“Зууны шатар” клубын хамгийн бяцхан суралцагч хэдэн настай хүүхэд байна. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээ шатрын спортоор хичээллүүлэх сонирхолтой болсон юм шиг санагддаг. Энэхүү спортоор хичээллэсний давуу тал нь юу байна вэ?
- 4, 5-тай хүүхдүүд бий. Би тэдэнд шатар зааж, сэтгэхүйг судалж байна. Хамгийн гол нь тэднийг жаахан болохоор юм ойлгохгүй гэж болохгүй. Тэд гар утасны, компьютерийн тоглоом гээд миний мэдэхгүйг ч мэдэж байна. Миний ажиглаж байгаагаар орчин үед индиго гэдэг нь юм уу ухаантай хүүхэд олон болж байна. Тэгэхээр ирээдүйгээ сайхан авч явах, оюун ухаан нь хөгжсөн, өөрсдөө машинаа, онгоцоо хийдэг, монгол ирээдүй хүлээж байна гэж боддог. Шатрын спортоор хичээллэсний давуу тал гэвэл олон юм бий. Хамгийн наад зах нь хүүхэд сууж сурна. Юмыг бодож байж хийдэг болно. Ёс суртахуунтай, хичээлдээ идэвхитэй, хүнтэй зөв харьцдаг, нийгэмд сургуульдаа олгож байгаа мэдлэгийг бүрэн хүлээж авч, хичээлээс хоцорсон ч нөхөж авах чадвар сайтай болж байна. Мөн хүүхдүүдийн сэтгэл зүй, оюун санаанд муугаар нөлөөлж, буруу хүмүүжил олгодог PC тоглоомын эсрэг бат зогсож чадна. Шатраар хичээллэдэг хүүхэд муу гарцыг сонгодоггүй. Монгол хүн бүр эрэгтэй хүүхдээ бөх болгохыг хүсдэг шиг монголын охид, хөвгүүд шатраар хичээллэх бүрэн боломжтой юм. Тиймээс Төр засгаас дэмжиж, саяхан УИХ-ын дарга УАШТ зохион байгууллаа. Энэ үеэр түүний хэлсэн “УИХ-ын гишүүдээрээ дамжуулан сургууль бүрийн, сурагчдыг шатрын спортоор хичээллэх боломжоор хангая” гэсэн нь шатраар амьдарч яваа миний хувьд хамгийн ухаантай, сэтгэлд хүрсэн үг байлаа.
-Та “би мөрөөдлөө биелүүлж явна” гэсэн. Яг юу байсан юм бэ?
-Тиймээ. Энэхүү “Зууны шатар” клубыг байгуулж өгсөн хүмүүс миний мөрөөдлийг биелүүлсэн. Би шатрын спортоос мастерыг нь авсан, зэргийг нь авлаа олон улсынхыг нь, гавьяат дасгалжуулагчийг нь авлаа ингээд миний өөртөө авах юм болсон. Харин ганцхан мөрөөдөл минь хүмүүс орж ирээд оюуны таашаал аваад гардаг, хүүхдүүд ёс суртахууны хүмүүжил авдаг, тэдэнд дахиад ирэх сэтгэгдэл төрдөг шатрын клубтэй болох байсан. Гэтэл миний шавь Ц.Ашидын аав, ээж хоёр хүссэн зүйлийг минь бий болгож өгсөн. Одоо би үүнийг сайн ажиллуулах үр дүн, үүрэг зорилгыг үзүүлчих юмсан гэж ажиллаж байна. Хүн надаас нэг төгрөг ч гаргуулалгүй иж бүрэн өрөө танхим байгуулж өгсөн болохоор олон хүүхэд шатарт суралцаасай гэж бодон үүний төлөө нас өндөр болсон ч гэсэн хөдөлмөрлөж, ямар арга хэлбэр байдаг юм бүх талаас нь бодон ажиллаж байна. Надаас гадна 3-4 багш 100 гаруй хүүхэдтэй манайх өнөр гэр бүл. Манайд Спорт дунд сургуулийн сурагчдаас эхлээд бүх насны хүүхдүүд болон шатар сонирхогч залуус, ахмадууд ирж байна. Ирээд үзэж, сонирхох, суралцах гэсэн хүн бүрт нээлттэй байдаг. Энд хөзөр, даалуу тоглодоггүй, архи ууж, тамхи татдаггүй, зөвхөн шатраас авч болох бүхнийг л өгнө дөө.5
5
Шатар бол хэзээ ч уйдаахгүй спорт
5
-Таны шавь нарын тухай ярихгүй өнгөрч болохгүй байх?
-Хуучин дасгалжуулан ажиллаж байсан олон сайхан шавь бий. Харин одоо “Зууны шатар” клубынхаа үүрэг зорилгыг биелүүлэх зөндөө шавь нартай боллоо. Монголын нэрт шатарчдыг төлөөлөх Ази, дэлхийд уралдах морьтой болох хэрэгтэй байна. Би өөрөө хүүхдүүдийг сонгодог. Үнэхээр монголын ирээдүй болох магадлалтай, мундаг ухаантай ч төлбөр төлөх боломжгүй хүүхдийг би үнэ төлбөргүй авч хичээллүүлж байгаа. Өнөөдөр манай нийгэм сайхан болж байгаа ч гэсэн доголдол байх юм. Захын хороололд хөдөө орон нутагт мундаг авьяастай хүүхэд байна. Бүгд чадалтай сайхан амьдралтай айлын хүүхэд ирж хичээллэж байгаа биш. Тиймээс би болон манай клубынхан аль болохоор шатар суралцах хүсэл эрмэлзлэлтэй, ирээдүйн сайн шатарчны төлөө ажиллаж үүрэг зорилгоо биелүүлэн ажиллаж байна.
5
-Монголын шатрын спортын хагас зууныг бичилцэж, шатартай холбоотой бүхнийг хийж яваа танаас энэ асуултад хариулт авмаар байна л даа. Өнөөдрийн байдлаар Монголын шатрын спорт дэлхийн хэмжээнд хаана явна вэ?
-Сайхан асуулт байна. Өнгөрөгч оны 12 дугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо болсон өсвөрийн шатарчдын ДАШТ-нд 100 гаруй орны 1800 хүүхэд тоглолоо. Тэндээс манай хүүхдүүд нэг мөнгөн медаль, олон шагналт байруудыг хүртэж, дэлхийн олон хөгжилтэй орнуудын хүүхдийг ардаа орхиж багаараа 10 дугаар байр эзэллээ. Бидний амжилтыг интернэтэд тавьж, дэлхий баталж, хүлээн зөвшөөрлөө.Үүнээс харахад өсвөрийн тамирчид маань дэлхийд 10-т давхиж явна. Харин нийт амжилтын хувьд 150 орноос 34-35-т багтдаг. Энэ бол гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол улсын дэлхийд үзүүлж буй шатрын амжилт, үүнээс ч дээгүүр орох бололцоо бий гэдгийг баталгаажуулсан баримт юм.
5
-Энэ хугацаанд таны хийсэн бүтээсэн зүйлүүдээс хамгийн гайхалтай нь гэвэл та юу нэрлэх вэ?
-Ази, дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан амжилтуудаа л хэлэх юм даа. Щвейцарь улсын Цюрих хотноо болсон Оюутны дэлхий аварга шалгаруулах тэмцээнд багаараа болон хувиараа алтан медаль авсан амжилт минь юм даа. Санаанаас гардаггүй монголчууд дэлхийн сайчуудыг хожиж алтан медаль авсан мөч. Энэ бол гайхамшигт амжилт дахин давтагдахад хүнд. Хамгийн оргил нь энэ юм.
5
-Шатрын спортын хамгийн сайхан нь юундаа оршдог юм бол?
-Намайг энэ спорттой миний аав, хувь тавилан хоёр холбосон. Шатрын спортоор хичээллэсэн хүн насан эцэстлээ суралцаж, тоглож, ажиллаж, хөдөлмөрлөж өөрийгөө уйдаахгүй байж болдог. Хэзээ ч уйдахааргүй спорт. Хөгширсөн хойноо гэртээ хийх юм олдохгүй бол шатраа бариад байж байх явдал бол хамгийн сайхан нь юм даа.
5
Ц.Ашид: Их мастер, агуу шатарчин болохыг мөрөөддөг
“Зууны шатар” клубын тамирчин өнгөрөгч жил Украйн улсад болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван төрөлд маш амжилттай оролцож алт, мөнгөн медаль цом хүртэж ирсэн. Мөн “Цодгор хүү-2014” тэмцээний хотын аварга, ДАШТ-ий блиц тоглолтод 100 гаруй хүүхдээс 12 дугаар байрт шалгарсан, 11 настай ч шатрын спортоор зургаан жил хичээллэж буй Ц.Ашид хүүтэй тэмцээний завсарлагаар уулзаж цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр тоглолтын үеэр хийх нүүдлээ сайтар тунгаан, хамаг анхаарлаа шатрын хөлөг дээр төвлөрүүлдэг бусад хүүхдээс ихээхэн ялгаатай ба түүний зургийг авахад бага зэрэг бэрхшээлтэй аж. Түүний багш П.Жигжидсүрэнгийн “шатрын спортоор хичээллэсэн хүүхэд наад зах нь ёс суртахуунтай болж, хүнтэй зөв харьцдаг” гэж хэлсэн нь түүнтэй ярилцахад мэдэгдэж байлаа.
5
-Миний дүү яагаад шатрын спортыг сонгон хичээллэх болов. Хамгийн гоё юу байдаг вэ?
-Энэхүү спортоор хичээллэхэд хүний оюун ухаан маш сайжирна. Ер нь их ухаантай болдог. Шатар тоглох бол маш сайн гэдгийг хүүхдүүд мэднэ. Гол нь тархиа сайн ажиллуулах хэрэгтэй. Хамгийн сайхан нь гэр бүлийнхэн болон найз нар маань маш сайн дэмждэг.
5
-“Зууны шатар” клубт хичээллэдэг юм байна. Танай клуб ямар онцлогтой вэ. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Тийм. Бид өглөө 9-10 цагт клуб дээрээ цугларна. Тэгээд сурч эхэлж байгаа хүүхдүүд хоёр цаг хичээллэдэг. Миний хувьд 5-6 цаг хичээллэнэ. Ер нь мэргэжлийн тамирчин өдөрт 6-10 цагийн бэлтгэл хийдэг. Манай клубт улс, хотын аварга болон медальтай тамирчид байдаг.
-Өнгөрсөн жил Украйны шатарчинтай дөрвөн цаг тоглож тэнцсэн, их ядарсан гэсэн. Ер нь ядаргаагаа хэрхэн тайлдаг?
-Ер нь толгойгоо жаахан амраах хэрэгтэй. Ядраагаад байвал тоглож чаддаггүй.
-Ялахад болон хожигдоход ямар мэдрэмж төрдөг вэ?
-Хожихдоо хүмүүс баярладаг. Надад ч бас гоё байдаг. Хүнд байдлаас гараад тэнцэх юм уу, хожигдох байрлалаас хожих ч юмуу эсвэл тэнцэхэд их баярладаг. Харин хожигдоход бол заримдаа зүгээр байдаг. Хааяа уур хүрээд, илүү сайн тоглоно гэж боддог.
5
-Хамгийн сайн гэж боддог, сэтгэлд нь үлдсэн тоглолтыг ямар тэмцээнд хийсэн байдаг вэ?
-Өнгөрөгч оны Арабд болсон ДАШТ-ий гуравдугаар үед Перу улсын Ланда гэдэг хүүхэдтэй тоглож хожсон. Тэгэхэд багш маань “ингэж тогловол болно” гэж хэлж байсан. Ер нь удаан тоглоход тэвчээр хэрэгтэй. Түргэн тоглож болно гэхдээ яарч, сандрах хэрэггүй.
5
-Ер нь багш нь та нарыг хэр магтдаг вэ?
-Багш маань их магтдаг. Манай аваргууд гэж хэлдэг.
5
-Одоо ямар сургуульд сурдаг вэ. Хүсэл мөрөөдлөө хуваалцвал?
-Плехановын нэрэмжит лицей сургуулийн 4а ангид сурдаг. Өмнө нь 23 дугаар сургуульд сурч байсан. Тэнд нэг ангид 50 гаруй хүүхэдтэй байдаг болохоор ядардаг байсан. Орос хэлдээ муу байсан гэхдээ гэрийн багшаар заалгаад сайн болж байгаа. Харин би математикийн хичээлдээ маш сайн бас дуртай. Их мастер, агуу том шатарчин болохыг мөрөөддөг.
5 -Шатрын спортоор хичээллэснээр юу олж авсан бэ. Ер нь хичээллээгүй бол гэж бодож үзсэн үү? -Бэлтгэл хийсээр байхаар урьдынхаасаа илүү сайжирдаг. Шатраас тэвчээрийг олж авсан. Хичээллээгүй бол гэж бодож үзсэн. Би том болоод сэтгүүлч болохыг хүсдэг байсан. Ер нь сэтгүүлч шатар хоёроо хослуулж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ