Төв аймагт унасан пуужингийн үлдэгдлийг АНУ-д эргүүлэн өгөхөөр болжээ

img

Төв аймгийн Бүрэн сумын нутагт унасан АНУ-ын Дельта-2 пуужингийн үлдэгдэл хэсгийг АНУ-д эргүүлэн өгөхөөр боллоо.  АНУ-ын Флорида мужид байрлах Ж.Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс хөөргөсөн Дельта-2 хиймэл дагуул хөөргөх пуужингийн түлшний сав, гелийн хий агуулах металл бөмбөлөг  өнгөрөгч  оны хоёрдугаар сард Төв аймгийн Бүрэн сумын нутагт унасан. Золоор пуужингийн үлдэгдэл хэсгүүд тухайн орон нутаг, хүн, амьтанд ямар нэгэн хохирол учруулаагүй юм.  Харин манай улс “Сансрын огторгуй, түүнчлэн сар болон бусад тэнгэрийн эрхсийг шинжлэн ашиглах талаар улс гүрний явуулах үйл ажиллагааны зарчмын тухай гэрээ”, “Сансрын нисэгчдийг аврах, нисэгчдийг эргүүлэн өгөх, сансрын огторгуйд хөөргөсөн биет юмыг эргүүлэн өгөх тухай хэлэлцээр”, “Сансрын биетээс хохирол учруулсны олон улсын хариуцлагын тухай конвенци” зэрэгт нэгдэн орсон тул олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, пуужингийн үлдэгдэл хэсгийг АНУ-д өгөхөөр  ийн шийдвэрлэж буй аж. Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ