Д.Энхзул: Сайхан харагдахын тулд дургүй зүйлээ ч иддэг
“Хайрын тавилан”, “Бүсгүй ааль”, “Гэргийн дуу”, “Үнсье”, “Ээж өглөө хоёр”, “Эрийн тэнгэр” зэрэг олон сайхан дуугаараа бусдаас ялгарч, өөрийн имиджийг бүрдүүлж чадсан МУГЖ Д.Энхзултай ярилцлаа.
6
-Танд энэ өдрийн мэнд хүргье. Та сүүлийн үед нэлээд нам жим байх шиг байна. Ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Баярлалаа. Шууд.мн сайтын нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Нэг хэсэг хугацаанд хувийн ажилдаа анхаарлаа хандуулаад, уран бүтээлээсээ түр хөндийрсөн. Харин шинэ он гараад уран бүтээлдээ эргэн орж байна. Хуучны сайхан дуунуудынхаа аранжировкыг өөрчилж, “Шилдэг дууны дээжис” гэдэг шинэ CD гаргахаар төлөвлөөд байгаа.
6
- Та хэдэн настайгаасаа дуулж эхэлсэн юм бэ?
-Анх яг хэдэн настайгаасаа дуулж эхэлснээ санадаггүй /инээв/. Нэг мэдэхэд л дуучин болчихсон. 10-р ангиа төгсөөд л театрт мэргэжил дээшлүүлэх курст сураад, тэндээсээ СУИС-д ороод л дуучин болох гараагаа эхлүүлж байсан түүхтэй. Ер нь би их шүтлэгтэй бурхнаас өгсөн зам мөр, далд хүч, зөн совинд их итгэдэг. Бурхны зааж өгсөн замаар л явж байгаа юм болов уу гэж өөрийгөө боддог.
6
-Таныг анх олонд таниулсан дуу бол “Гэргийн дуу”. Энэ дуутай хэрхэн учирсан бэ?
- Би “Гэргийн дуу“ гэдэг дуутай хувь зохиолоор учирсан. Амжилтын гараа маань энэ дуунаас эхэлсэн. Дараа нь “Үнсье чамайгаа” , “Хайрын тавилан”, “Дэндүү их ачтан” зэрэг олон дуу маань хүмүүст хүрсэн.
Одоогоос 17 жилийн өмнө “Ханхэнтий” чуулгад ажиллаж байхдаа дуурийн театрт мэргэжил дээшлүүлэх 45 хоногийн курст ирсэн юм. Гэрээ санаад буцахын түүс болчихсон байх үедээ энэ дуугаа дуулсан. Би нөхөр лүүгээ “Ядарч, өлсөж, зутарч байна. Буцъя” гэж ярьдаг байлаа. Яг тэр үед манай Түвшинтөгс энэ дууны маань хөгжмийн зохиолчид “Манай нутгийн хүүхэд ирсэн байгаа. Энэ дуугаа өгчих л дөө” гэж гуйхад эхлээд “Үгүй” гэсэн юм билээ. Түвшинтөгс дууг нь авахаар болсныхоо дараа “Хичээж дуулдаг юм шүү. Нэг л алдаа гаргавал чамд өгөхгүй” гэж байсан. Би ч хоёр гурав сонсоод л сурчихсан, их ч мэрийж дуулсан. ”Дөрвөн-Уул” радиод шөнө нь бичүүлээд маргаашнаас нь цацагдаж эхэлсэн. Зохиогчдод нь ч таалагдсан. “Гэргийн дуу”-ны маань үгийг эдийн засгийн ухааны доктор Баяндалай, хөгжмийг Алтангэрэл ах маань бичсэн юм. Жил бүрийн цагаан сараар би тэдэндээ очиж золгодог юм. Энэ л дууныхаа ачаар би тухайн үедээ Төрийн ордон гэдэгт орж байлаа.
7
-Цагаан сар гэснээс Сар шинийн баяр тун удахгүй болох гэж байна. Энэ баярыг хэр өргөн тэмдэглэдэг вэ?
-Нөхөр бид хоёр тусдаа гарсан цагаасаа эхлэн Сар шинийн баярыг тэмдэглэсэн. Манай зүүн аймгийнхан тусдаа гарч, гал голомтоо бадраасан л бол цагаан сарыг хийдэг уламжлалтай. Яг энэ уламжлалынхаа дагуу бид цагаан сараа өргөн тэмдэглэдэг. Цагаан сар тухайн айлын тэр жилийн өнгийг тодорхойлдог гэдэг. Энэ утгаараа идээ будаа, бууз, ууцаа аль болох чанартай, амттай, өнгөтэй үзэмжтэй байлгахыг хүсдэг. Тэгээд шинийн 3-ндаа багтаж хөдөө байгаа ээжтэйгээ очиж, золгодог. Манай нутгийхан шинийн 8-нд Өндөрхаан хайрханаа тахидаг уламжлалтай. Энэ жил тэр сайхан хайрханыхаа тахилгад оролцож, буян заяагаа даатгана даа.
7
-Та Хэнтий аймгийн хүн. Саяхан Хэнтий аймгийн удирдлагууд аймгийнхаа төвийн нэрийг “Чингис” хот болгон өөрчилсөн. Энэ өөрчлөлт танд хэр санагдсан бэ?
-Би бол хэзээд Өндөрхаан хотоороо явна. Өндөрхаан хайрхан маань бид бүхнийг ивээлдээ багтааж, үргэлж арыг маань дааж, хүйн холбоотой явдаг. Тэгэхээр надад Өндөрхаан нэр нь илүү сэтгэлд ойр байдаг. Мэдээж Чингис хааны төрсөн нутагт төрж, өссөн гэдгээрээ бид бахархадаг. Гэхдээ яагаад ч юм аймгийн төвөө Чингис хот гэж нэрлэхэд эвлэхгүй байгаа /инээв/.
7
-Одоо хоёул ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та хувийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Гавьяатын сонголт өөрөөр хэлбэл таны эр нөхрийн тухай асуух гэсэн юм?
-Нөхөртэйгөө ханилаад 25 жил болж байна. Эмэгтэй хүн болгон сайн, сайхан хүнтэй сууя гэж боддог ч зарим тохиолдолд тэр хүсэл, бодлоороо байж чаддаггүй. Би сайн хүнээ олсон болохоор би өөрийгөө азтай эмэгтэй гэж боддог. Миний хань намайг үргэлж өнгөлж зүлгэж, сонгосон замыг маань дэмжиж урамшуулж байдаг. Тийм болохоор би ханийнхаа хүчинд өдий зэрэгтэй яваа гэж боддог. Ер нь аль ч салбарын, эр эм аль нь ч бай амьдрал хамгийн чухал нь. Амьдралын халуун цэгээс л хүний цааш ахих, уруудах бүх юм хамаарна. Ерөөсөө хүн бол сэтгэлийн амьтан. Амьдралд үргэлж хөтлөлцөөд инээгээд явна гэж байхгүй, жижиг ч гэсэн асуудал гарна. Тэр болгоныг зохицуулдаг л байх хэрэгтэй. Бие биенээ өршөөж уучилж, нэгэндээ урам өгч чаддаг байх хэрэгтэй гэж бодож явдаг юм.
7
-Та хүүтэйгээ хамтарч жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглолт хийдэг. Энэ жил хамтарсан тоглолтоо хийх үү?
-Одоохондоо тоглолтоо хийхээр төлөвлөсөн юм алга. Хүү маань өнгөрсөн жил бие даасан “Аз жаргалын цэцэг” гэдэг цомгоо гаргасан байгаа. Залуу уран бүтээлч, залуу хүн учраас өөрийнх нь сонирхолоор уран бүтээлээ хийж байгаа байх. Эх хүний хувьд хүүгээ ард түмэнд хүндлэгдсэн сайхан уран бүтээлтэй сайн дуучин болоосой гэж хүсдэг. Мэдээж би хүүтэйгээ дуулах дуртай, цаашид хамтран уран бүтээл хийх болно.
7
-Та хүүгээ дуучин болгочихсон уу?
-Би хүүгээ заавал дуучин болгох гээд байсан юм байхгүй. Хүү маань өөрийнхөө сонирхол, зөнгөөрөө дуучин болох замыг сонгосон. Миний хүү багаасаа л их хөөрхөн дуулдаг байсан юм. Би нэг удаа хүүгээ тоглолтондоо оруулах гээд, тэгсэн манай хүү дуулахгүй гэж уйлж байсан. Үүнээс болж аав, ээж, хүү гурав чинь бөөн юм болдог байсан /инээв/. Тэгээд сүүлд нь хүүгээ “Хичээл номондоо анхаар” гэсэн чинь “Би дуулна” гэж зөрөөд дуучин болсон.
7
-Таныг анзаараад байхад жил ирэх тусам залуужаад, сайхан харагдаад байх юм. Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?
-Урлагийн хүмүүс бид олон түмний нүдний өмнө байнга ил байдаг. Тийм учраас сайхан байх хэрэгтэй. Би хүүхэд гаргаад нэг хэсэг би нэлээд их махалсан. Тэгээд маш их хөдөлмөр зарж байж турсан. Маш их мөнгө зарна. Үеийнхэнээсээ залуу, гоо сайхан харагдахын тулд дургүй зүйлээ ч иднэ. Тэгж байж эмэгтэй хүн гоё сайхан байна. Хамгийн их хорих юм гурил будаа байдаг. Ер нь гурил будаа хоёрыг эмэгтэй хүн бүр идэхгүй болчихвол зүгээр. Мах бол хамаагүй ээ, гэхдээ бага идэх хэрэгтэй. Махнаас бол би хэзээ ч гарахгүй ээ. Одоо би яг жиндээ л байгаа. Бас хэтэрхий жаахан охин шиг болчихолтой биш. Гэхдээ л ер нь эмэгтэй хүн араасаа андууруулдаг л байх хэрэгтэй. Яг л 18-тай юм шиг. Зөрөөд харахад “Эгээ” л байх хэрэгтэй.
7
- Хувцсанд та хэр их мөнгө зарах уу?
- Хувцсандаа би маш их мөнгө зардаг. Тайзныхаа хувцсанд их анхаардаг. Хүн ерөөсөө амьдралын замыг дандаа өгсөж явдаг байх хэрэгтэй. Нөгөө л таван жилийн өмнө, хоёр жилийн өмнө өмсөж байсан хувцсаа өмсөөд явж байвал тэр хүн байрандаа л байгаад байжээ гэж хүн бодно.
7
- Үнэт эдлэл цуглуулдаг уу?
-Залуудаа үнэт эдлэл сонирхдоггүй байсан. Нас жаахан яваад ирэхээр жижигхэн, чамин хийцтэй цагаан алт сонирхож, цуглуулдаг болоод байгаа. Аймаар том шар алтанд дургүй.
7
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ