Дурдан бүс минь баяртай
Өнгө бүхний дээд, үг бүхний сайхныг бөөгнүүлж нүд сонороо баясгаж өнгөрүүлдэг ер бусын 3 хоног ингээд ердийн өдрүүдэд зайгаа тавьж өглөө. Парагматик талаас нь харж хэлбэл их мөнгө хаясан ч өрхийн төсвийг хасах тал руу нь чирсэн нүсэр бэлтгэл чирэгдэлтэй баяр байлаа. Мөрөөдлөө мөнгө болгохыг билэгдсэн, хоосон ч бай ходоод бондгор хорвоод муу хүн болоод хар бор амьдрал үгүй мэт 3 хоногт хотлоороо эрхэлж өнжлөө бид. Үзмэрч төлөгчдийн зурхайд модон морин жилийн өнгө ерөнхийдөө өөлөх юмгүй сайхан буусан гэсэн. Харин угтан авсан олны өнгө ямар байв.
:
Баярын гоёо, дээлний хийц цаг үеэ дагаж өөрчлөгдөж үнэ өртөг, ур хийц шингэсэн сүрхий ялгарал бий болгожээ. Торго даалимбаар дээл хийдэг цаг улирч ноос ноолуураар зүүдэл оруулгагүй эсгэж мөнгөөр зодож бэлээр илүүрхсэн дээл зөвхөн хүрээ гангачуулынх байсан цаг өнгөрчээ. Өөрийгөө хүндэлдэг хэн ч гэлээ аваад өмсчихөөр л гангараа болж. Бүс бол ярилтгүй, мөнгөн товруу түгжээтэй ба 12 жил тойруулсан товруун дээрээ шүртэй, хувтай гээд хэмжээ хийц тоо төрлийг хэлж нэрлэх аргагүй болжээ. Дурдан бүс даавуун дээл “баяртай” болж байгааг энэ цагаан сар тод мэдрүүллээ.
:
Гар зөрүүлэхийн хажуугаар хөөрөг зөрүүлэхгүй бол өнгө нь тэгширдэггүй өвөрмөц баяр бол цагаан сар юм. Үүнийг дагасан том бага чулуу, хаш манан хөөргийн халзагнал гар дамжин явагдаж алганд арай гэж багтах чулуунаас хүний бэл бэнчин хийгээд бүр цаашилбал тухайн хүний гарал угсаа, дээд доод язгуурыг харах өвөрмөц сонжоо гялс гээд өнгөрдөг нь энэ жил хэвээр.
.
Бэлэг түгээх, гар цайлгах гэдэгт үнэхээр үсрэнгүй дэвшил гарчээ. 20-оос дээш айлаар орж амжаад байна гэсэн нэгэн хосын ярьснаар бол эрэгтэйд нь үндэсний Янмал оймс 10-аад цугласан бол асаагуур мөн бэлэн мөнгө нэлээн зөрж ирсэн гэнэ. Харин эмэгтэйд нь хамгийн топ нь үнэртэй усны “ком” байсан бол хавар зүүх хүзүүний ороолт мөн хэд хэд дагалдсан ба энэ нь мөн үндэсний үйлдвэрийнх байсан нь сайхан санагдсан гэнэ. Мөн манай хоёр хос энэ жил цалингийн орлого дажгүй байсан тул “Үндэсний хувцасны ноолууран коллекц”-оор гоёсон ба 3 хоногт 20-оод айлаар ороод байгаа ч цаана нь айл бас үлдсэн, ер нь цагаан сарыг 5 хоног л амардаг болговол яг болох юм байна гэсэн дүгнэлтэлд хүрсэн тухайгаа ч хэлж байсныг зохих дарга нарт уламжлах нь зөв байх. Манайд Үндэсний баяр наадмын комисс гэж байдаг. Цаашид мөн адил “Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх комис” гэж бий болгох ба мөн 1111 төв гэдэг шиг иргэдийн асуулт эргэлзээг тайлж өгөх, зөвлөх тусгай утас ч байх хэрэгтэй санагдлаа. Тэгэхгүй бол цагаан сарыг цаашид хар нулимсгүй цагаан чигээр нь авч явах талаар олон үнэтэй санал баярын ширээ ууцны тэр хавиар хөлхөөд замхарч байна. Мөн баярын бэлтгэлдээ улайрч мөр зүгээ гаргахаа мартсан хүмүүст лавлах утаснууд найдваргүй үйлчилгээ үзүүлж бухимдлыг нь барсан тухай яриа сонсогдсон. Зүгээ хэрхэн гаргах талаар 3 лавлах утаснаас асуутал тариных нь нэг үгийг нь гурван өөр “дуудлагаар” хэлж хямраасан гэнэ.
.
Бусдаас өрсч шинийн нэгний нар харж жилдээ тасархай гарчих гэсэн хүмүүсийн овоо тийш чиглэх мөр улам ихээр давхцлаа. Хийморийн овоон дээр шууд машинтайгаа гарах юм уу нэг бол хэн нэг бийлэгжүү нь хувиасаа мөнгө гаргаж зам тавьснаар овоон дээр машинтайгаа эргэх цаг тун ойртсон санагдлаа. “Уг нь ууланд гарах сайхан юм, даанч машин гарахгүй юм” гэж төвөгшөөх идэр сайхан эрчүүдийн амьсгаадах нь бэрх. Зарим нь ч бүр газар гишгэдэггүй юм байна. “Жилдээ энэ овоо руу гарах л гэж нэг алхах юм даа” гэж 570 гэдэг машинаа бахархан харж амьсгаа даран зогсох залуус ч харагдаж л байлаа. Ингээд угаасаа босоо хиймортой монгол эрчүүд овоон дээрээ цуглаж хэд уухайлахад л цагаасаа жаахан хоцорч үүлний цаана ичингүйрч байсан шинийн нэгний нар суга үсрээд дээшээ гараад ирж байна лээ. Эд баялгийг ч бид дээрхтэй төстэй байдлаар хэдэн сайн лам нийлүүлж ном уншуулж даллага авахуулж байгаад арвижуулж чаддаг ард түмэн. Энд шинийн нэгний нар цагаасаа хоцорсон гэдэг тухай бол мэдээж тийм билиггүй юм болоогүй, нар үүлний цаана хэсэг саатсан хэрэг. Үүнийг ард түмэндээ нар харуулахаар яарсан нэг сэтгүүлч маань шинийн нэгний нарыг мандах цагааасаа жоохон хоцорсон гэж ярьсан тал байгаа. Өмнөөс нь хүлцэл өчье.
_
Замын түгжээ бөглөрөө яав. Ноднин яаж хаширсанаа санан Баянхошуу-Хөтөл, 32-ын тойрог 7 буудал зэрэг чиглэлийг яаж таг бөглөрөхгүй давах тухай шөнөжингөө бодож хоносон морин жолооч нар дэмий нойроо алдсан гэхэд болно. Дүүргийн замын цагдаагийнхан хаширсан, ухаарсан хүн шиг байж тэр хөтөлөөс тойрог хүртэлх чиглэлд нь хөдөлгөөний урсгалыг гацаачихалгүй байлгаж чадлаа. Энэ зүтгэлд нь замын цагдаа нарыг магтах сайшаах хүн олон байсан. Машиныхаа цонхоор савтай бууз сарвайж араас нь даруулах сүүлний өөх сарвайж байгаа найрсаг шинэлээч золгооч нар ч харагдаж байлаа. Цаашид пицца ч юм уу хуушуурны сүлжээ ажиллуулдаг хүнээр замын цагдаагийн аль нэг даргыг сольж дэвшүүлмээр байна. Тэгвэл хөөрхий өдөржин гадаа шүгэл үлээж мод савчуулах цагдаа нартаа ядаж аяга кофе халуун пицца байг гэхэд хуушуур явуулна шүү дээ. Баярын үеэр сайн ажилласан гэж жагсаалын өмнө даргынхаа амнаас сайшаал магтаал сонссон л байх. Гэхдээ цалин мөнгөнийх нь ядаж 20 хувиар бэлэн мөнгөөр шагнаж урамшуулсан байгаасай даа. Юутай ч унаатайгаа уулын зам дээр гацаж шинийн нэгэнд өлслөө гэж билэггүй юм ярилгүй, ярьсан төлөвлөсөндөө золгуутаа хийж амжсан олон олон ардын ерөөл талархлыг замын цагдаагийн албан хаагчдад дахин уламжлая. Бусад тусгай дугаарынхан буюу 102, 103, 105 гээд бэлэн байдалд албаа хашиж ажилласан бүх төрийн болоод хувийн хэвшлийнхэнд мөн адил олны талархал билэг ерөөлийг дайя.
_
Төрийн зарим өндөрлөгүүд хувийнхаа санаачилгаар биднийг дааж Гандан хийдэд ном хуруулж мандал өргүүлсэн талаар зурагтаар гараад байна лээ. Энэ жилийн засал номд тань мандал өргүүлэх гэж бичиглэсэн байгаа бол алгасч, мөнгөө хэмнэж болох юм шиг байна. ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн баруун гарын зөвлөх П.Цагаан нар бүх монголын ард түмнийг хамааруулж шинийн нэгний өглөө Мандал өргүүлж даллага авахуулсан гэсэн. Бүгдээрээ америкт “офшоор” гэдэг данстай ч болж магадгүй том ном хуруулсан байна лээ.
_
Төгсгөлд олны дунд олонхийн амнаас унасан нэг сайхан үг байлаа. 100-аад хүн оруулж золгож байж шинийн нэгнийг давсан нэг айлын буянтай буурал ердөө л 2 шил архи гаргасан гэнэ. Урьд онуудын жишгээр 15 шил архи бэлдсэн ч нийт 3 өдөрт 5 шил архи л ширээн дээр “боорлогдсон” байна. Ийм байдлаар архи нь авдрандаа үлдсэн айл олон гэнэ. Үүнийг манайхан архинаас татгалзаж ууж хөлчүүрэх бус билиг ёсыг эрхэмлэн баярлаж сурч байгаагийн шинж гэж сайшаах буурайнууд олон байлаа. Архигүй аюулгүй, аливаа дарамтгүй, хар мэдээгүй, хараал хэрүүлгүй элбэг баян Монголчуудын цагаан сайхан энэ гурав хоног жилээ даах болтугай.
_
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ