Б.Эрдэнэбаатарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Улсын Дээд шүүхээс Б.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн долоо хоногт хохирогчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу хянан хэлэлцжээ.Б.Эрдэнэбаатар нь 2013 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр баг "Хужирын гол" гэх газарт согтуугаар эхнэр О-г онц харгис хэрцгий аргаар зодож, санаатайгаар алсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Булган аймаг дахь Сум дундын шүүх дээрх хэргийг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Түүнчлэн Б.Эрдэнэбаатар нь хохиролд 5 сая 186 550 төгрөг төлсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол, хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, эд хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсан байна.
Булган аймгийн шүүх уг хэргийг 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Харин улсын Дээд шүүхийн хуралдаанаас Б.Эрдэнэбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагаа нэг талыг барьсан буюу бүрэн гүйцэд биш хийгдсэн, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулаагүй, хохирогчийн хуулиар олгогдсон зарим эрхийг хязгаарлаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дутуу шалгасан байна гэсэн дүгнэлт хийж, хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ