"Нана" орлогоосоо мазаалай хамгаалах үйлсэд хандивлана
“Монгол-Австрийн залуучуудын холбоо”-ны урилгаар дэлхийн алдартай дуучин Нана /Darkman/ Монголд ирж, өөрийн тоглолтоо “UB palace”-ийн концертын их танхимд хийхээр болжээ. Тэрээр энэ сарын 28-нд манай улсад хүрэлцэн ирж, тоглолтоо гуравдугаар сарын 1-нд UB палас ын концертын их танхимд 19.00 цагт хийх аж. Энэ талаар өнөөдөр тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Реппер Нанагийн фэнүүдэд зориулсан “Welcome” парти “VLVT” клубт болох ба тоглолтын тасалбарыг Easyticket.mn сайтаар худалдаалж байгаа аж.
Тасалбар суудлаасаа хамаарч 60-120 мянган төгрөгийн үнэтэй байх ба дуучин Нана “Remember the time” тоглолтынхоо орлогын тодорхой хувийг говийн Мазаалайг хамгаалах үйлсэд хандивлах ажээ. Нанагийн хувьд Германы хөнгөн хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан домогт дуучин, шилдэг продюсер төдийгүй нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг хүмүүнлэгийн элч гэдгээрээ дэлхийд алдартай.
Дашрамд дуулгахад, Говийн баавгай Мазаалай нь Монголын төдийгүй дэлхийн улаан номонд орсон нэн ховор амьтан. Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны эх сурвалжийн мэдээлж буйгаар 2013 оны байдлаар манай улсад 26 ширхэг мазаалай бий гэж тоологдсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ