Авлига авсан гэмт хэрэгтний ял хөнгөн байна гэж үзжээ
Индонезийн авлигатай тэмцэх ашгийн бус байгууллага болох “Indonesia Corruption Watch”-аас гаргасан тайланд дурдсанаар 2013 онд авлигын гэмт хэрэгтнүүдэд ногдуулсан ялын хэмжээ хэтэрхий бага байгаа аж.
Тус байгууллагын судлаачийн хэлснээр 2013 онд авлигын гэмт хэрэгт ногдуулсан хорих ялын дундаж хэмжээ 35 сар буюу 2 жил 11 сар байсан байна. “Indonesia Corruption Watch” байгууллагаас уг судалгааг явуулахдаа ялын хугацааг 0-4 жил буюу хөнгөн, 4-10 жил буюу хүндэвтэр, 10-аас дээш жил буюу хүнд гэж ангилж үзжээ.
Судлаачийн хэлснээр 2013 онд ял шийтгүүлсэн 184 авлигын хэрэгт 279 хүн яллагдсан байгаагийн 232 хүн буюу 78.64 хувь нь хөнгөн ял, 40 хүн буюу 13 хувь нь хүндэвтэр, зөвхөн 7 хүн 10-аас дээш жилийн ял авсан байгаа аж.
Уг тайланд дурдсанаар эдгээр 184 хэргийн улмаас 3.46 их наяд индонез руппи (28.3 сая ам. доллар)-тэй тэнцэх хэмжээний хохирол учирсан бол нийт хээл хахуулийн хэмжээ 13.18 тэрбум индонез руппитэй тэнцэж байгаа ажээ. Харин эдгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос торгууль ногдуулах байдлаар 36.95, хөрөнгө хураах байдлаар 515.5 тэрбум руппитэй тэнцэх хэмжээний хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ