АН, МАН-ЫН ХУВААГДАЛ Н.УЧРАЛААР ЖОНГЛЁРДОЖ БАЙНА

img

 

Н.Учрал төсвөө батлуулж чадвал Засгийн газар нь үлдэнэ. Харин түүнийг хэн түшиж үлдээх вэ гэдэг дараагийн тулаан...

2026 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг УИХ аравдугаар сарын 5-нд үргэлжлүүлсэн. Үүний зэрэгцээ 2027 оны төсөв парламентын өмнө ирчихсэн. Н.Учралын Засгийн газар энэ улс төрийн намрыг давж гарах уу, үгүй юу гэдэгтэй шууд холбогдож байна.

2026 оны төсвийн тодотголыг Засгийн газар наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн барьсан. Харин 2027 оны төсвийн төслийг наймдугаар сарын 31-нд өргөн мэдүүлсэн. Ингэснээр парламентын намрын гол улс төрийн тоглолт төсөв дээр төвлөрөх нь тодорхой болсон. Гэхдээ төсвийн хэлэлцүүлгийн үеэр гарч байгаа санал шүүмжлэл бүрийг Засгийн газрыг унагах ажиллагаа гэвэл хэтэрхий гэнэн тайлбар болох биз. УИХ-ын гишүүн бүр тойрог, салбар, бодлогын өөрийн байр суурьтай. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлыг нь хамтад нь харвал төсөв бол Засгийн газарт итгэх эсэхийг хэмжих хамгийн том улс төрийн талбар болж байна. АН үүн дээр мэдрэг улстөр хийж буй. АН-ын дарга О.Цогтгэрэл есдүгээр сарын 14-нд Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д оруулахыг шаардсан. Улмаар аравдугаар сарын 2-нд АН-ын Улс төрийн зөвлөл барьц ахиулж Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж эхлээд буй. Өөрөөр хэлбэл АН-ын байр суурь бол эхлээд Засгийн газартаа итгэл хүлээлгэж байгаа эсэхээ шийд. Дараа нь төсөв ярья гэж буй. АН-д 42 суудал бий. Энэ тоо дангаараа Засгийн газрыг огцруулахад хангалтгүй ч парламентын олонх дотроо задарсан нөхцөлд 42 суудал гэдэг том тоо. Учир нь Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь гаргаж болох бөгөөд уг саналыг олонхын саналаар дэмжвэл Ерөнхий сайдыг огцруулж, 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайд томилох зохицуулалттай. Тэгэхээр АН-ын гол хүч нь МАН доторх саналын зөрүүг өөрсдийн 42 саналаар нөхөж чадна гэдэгт байгаа юм. Эндээс АН-ын улс төрийн шахалт эхэлчихсэн явж байгаа. Тодотгоход АН-ын 42 суудал Засгийн газрыг огцруулах эсэхээр хэмжигдэхгүй ч  Засгийн газар солигдох нөхцөл үүсвэл энэ 42 кноп дараагийн Ерөнхий сайд, шинэ танхимын бүрэлдэхүүн, цаашлаад эрх баригч хүчний дотоод тохироонд нөлөөлөх хэмжээний улс төрийн жин болох нь тодорхой асуудал. Өөрөөр хэлбэл АН өнөөдөр Засгийн газрыг унагаахын төлөө кнопоо ашиглахаас гадна дараагийн Засгийн газрыг ямар нөхцөлөөр байгуулах вэ гэдэг дээр өөрийн орон зайг бий болгох боломжтой. Хэрэв Н.Учралын Засгийн газар огцорвол дараагийн Ерөнхий сайдыг тодруулах асуудал шууд МАН-ын дотоод асуудал хэвээр үлдэхгүй. Учир нь МАН-ын доторх саналын зөрүүтэй нөхцөлд АН-ын 42 санал шинэ Засгийн газрыг бүрдүүлэхэд бодитой нөлөө үзүүлэх хэмжээний хүч болно. Тэр үед АН Засгийн газарт оролцох эсэх, оролцвол ямар салбар авах, ямар бодлогын нөхцөл тавих зэрэг нь дараагийн улс төрийн тохирооны гол сэдэв болно. Тиймээс АН-ын өнөөдрийн шахалт бол зөвхөн Н.Учралын Засгийн газрыг унагаах оролдлого гэж харахаас илүү том улстөр цаана нь явж буй. Энэ нь эрх баригчдын дотоод зөрүүг ашиглан өөрийн улс төрийн нөлөөг нэмэгдүүлэх, шаардлагатай үед дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүн, бодлогын чиглэлд нөлөөлөх байр сууриа урьдчилан бэхжүүлэх тактик гэж харж болно. Тэгэхээр АН-ын 42 кноп зүгээр ч нэг сөрөг хүчний санал биш, Засгийн газрыг унагаахад хүрэлцэхгүй ч Засгийн газрыг авч үлдэхэд хэрэгтэй, шинэ Засгийн газар байгуулахад зайлшгүй тооцох ёстой 42 санал.

МАН-ЫН 38, 30

МАН-ын удирдлагууд өнгөн дээрээ 30/38 гэсэн хуваагдал байхгүй гэж мэлзэж байгаа. Есдүгээр сарын сүүлчээр Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үед МАН-ын 68 гишүүнээс 44 нь ирц бүртгүүлж, 24 нь ирээгүй. Ирээгүй гишүүдийн 16 нь 30-ын тал, долоо нь 38-ын тал байснаас үзвэл хуваагдал байгаа эсэхийг Я.Содбаатараас асуугаад байх ч шаардлагагүйгээр улстөрийг нь уншчихаж болно. 30-ын тал гэж нэрлэгдэж буй гишүүд бүгд Н.Учралын эсрэг нэг талд зогсож байгаа гэж шууд дүгнэх хэцүү. Учир нь Н.Учралын Засгийн газарт энэ талтай улс төрийн хувьд ойр гэж яригддаг хэд хэдэн хүн сайдын алба хашиж байсан, хашиж буй. Тэгэхээр Н.Учрал хэний талд ойр зогсож байна вэ гэдэгт л асуудал байна. Хэрэв Ерөнхий сайд 38-ын талыг хэт түшвэл 30-ын талын улс төрийн нөлөө хумигдана. Харин 30-ын талтай илүү ойртвол 38-ын талын эрх ашиг, байр суурь хөндөгдөнө гээд энэ бүхний ньюансыг олох нь Н.Учралд жинхэнэ зовлон болж буй биз. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсвэл огцруулах асуудал бодит санал хураалт болно. Тэр үед 64 кнопны улс төр жинхэнэ эхэлнэ. АН-ын 42. МАН-ын хуваагдал, бусад хүчний санал. Ерөнхий сайдыг огцруулахад нийт гишүүдийн олонхын дэмжлэг шаардлагатай тул 64 санал хэрэгтэй. Тэгэхээр АН дангаараа 42-оороо Засгийн газрыг унагааж чадахгүй. МАН дангаараа 68 суудалтай ч хуваагдал нь 64-ын босгоо давахгүй нь мэдээж.  Ингээд л МАН-ын дотоод зөрчил АН-ын 42 суудлыг улс төрийн хувьд чухал болгож байгаа юм.

Н.УЧРАЛЫН УЛС ТӨРИЙН ХУВЬ ЗАЯА ЭНД Л ШИЙДЭГДЭНЭ

Н.Учралын өмнө Ерөнхий сайдын суудлаа хадгалж үлдэх, суудлаа хадгалсан тохиолдолд өөрийн гэсэн улс төрийн жинтэй үлдэж чадах эсэх асуудалтай нүүр тулж буй. Улс төрийн тохироогоор ах нарынхаа дэмжлэгийг авч, тодорхой асуудал дээр буулт хийж, Засгийн газраа авч үлдэх боломж бий. Гэхдээ ийм байдлаар удаан явбал Ерөнхий сайд өөрөө төвийн тоглогч биш,  ах нарынхаа тэнцвэрийг барьж гүйдэг амьгүй нэгэн болж хувирах эрсдэлтэй. Тиймээс их улс төрд ийм эмзэг цаг үед  улс төрд урт хугацаанд тэсэж, амьд үлдэхийн тулд түүнд өөрийн бодлого, өөрийн шийдвэр, өөрийн дэмжлэг, хамгийн гол нь өөрийн улс төрийн суурь хэрэгтэй.

Тиймээс төсвийн дараа Ерөнхий сайдын суудал дээр сууж байхдаа хэний сүүдэрт үлдэх, аль эсвэл өөрийн улс төрийн жинг бий болгож чадах уу гэдэгт байна. Товчхондоо бусдын дэмжлэгээр суудлаа хадгалах, ах нарын дэмжлэгийг улс төрийн өөрийн капитал болгон хувиргаж, бие даасан тоглогчийн байр сууриа бий болгох зам түүнд бий. За даа тэгээд эцсийн дүндээ Н.Учралын хувьд Ерөнхий сайдын суудал түүнд улс төрийн эрх мэдэл өгөх үү, эсвэл бусдын тохироонд барьцаалагдсан албан тушаалтай үлдэх үү л гэдэг дээр л ирж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ