Шүлхий туссан 286 үхрийг устгаад байна
Сүхбаатар аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчний ил шинж тэмдэг илэрсэн 60 өрхийн 290 толгой үхрээс 286 үхрийг устгаад байна. Энэ сарын есны өдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад 216814 малыг вакцинжуулжээ. Голомтын бүсэд 181 өрхийн 333 тэмээ, 14451 үхэр, 65585 хонь, 47142 ямаа, нийт 160670 малыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Хэнтий аймгийн Галшар сумын төвөөс зүүн хойш 50 км-т “Сангийн далай” багийн “Элгэн шанд” гэдэг газарт малчин И.Х-ийн хотонд нэг бяруу, 2014.02.09-ний өдөр тус багийн малчин Д-ийн дөрөв, “Жаргалант” багийн Хар толгой гэдэг газарт өвөлжиж буй малчин Д.Б-ийн зэрэг зургаан малчны 20 үхэрт шүлхий өвчний сэжиг илэрчээ.
Аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрээр Сүхбаатар, Дорноговь аймаг болон Галшар сумтай хил залгаа Баянхутаг, Баянмөнх, Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Бор-Өндөр сумдын нутаг дэвсгэрт энэ сарын 09-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.
Галшар сумын нутагт 11000 орчим зээр нутагшиж байгаа бөгөөд зээр ихтэй сумдын нутагт тандалт хийж өвчний шинж тэмдэг бүхий зээрийг устган, дээж авч шинжилгээнд явуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Галшар, Баян-Овоо, Дархан, Баянхутаг, Баянмөнх сумдын засаг дарга нарт үүрэг болгожээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ