Тэтгэврийг дахин нэмэгдүүлэх мэдэгдэл хүргүүлжээ
Өнгөрөгч оны сүүлээр цалин, тэтгэвэр нэмэх тухай асуудал яригдаж байсан. Ингэхдээ өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдөхөөс урьдчилан сэргийлж “нууцаар” буюу гэнэтхэн нэмэх төлөвлөгөөтэй байгааг албаны эх сурвалжууд ярьж байсан билээ.
Үүний дагуу энэ сарын нэгнээс тэтгэвэр нэмэгдсэн. 15-30 хүртэл хувиар тэтгэвэрийг нэмж буй тухай мэдээлж байсан боловч энэ нь бодит байдалд нийцэхгүй байгаа талаар өнөөдөр Монголын ахмадын холбооны гишүүд болон нийслэлийн дүүргүүдийн ахмадын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Одоогийн байдлаар ахмадуудын тэтгэврийг хамгийн доод хэмжээ буюу 180,3 мянган төгрөгийн тэтгэвэр 207,3 мянга болж, 15 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 172,2 мянга болж 18,6 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр нэмэгдэл болжээ. Харин дундаж тэтгэврийн хэмжээ буюу 201-600 мянган төгрөгийн тэтгэвэр дээр 22 мянган төгрөг нэмэгдсэн нь 3,7-11 хувь бол 601-800 мянган төгрөгийн тэтгэвэр дээр 20 мянган төгрөг нэмсэн нь ердөө хоёр хувийн нэмэгдэл болж байгаа аж. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр 103,6 мянга байсныг 11,4 мянган төгрөг нэмж 115 мянга болгожээ.
Энэ тухай Монголын ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар “Тэтгэвэрийг ингэж үл ялих төдий нэмчихээд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “тэтгэвэрийг 15-30 хувиар, түүний дотор халамжийн тэтгэвэрийг 66,2 хувиар нэмсэн мэт зурагтаар мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүйгээр барахгүй ахмадуудаа доромжилж буй явдал юм. Нэг кг махны үнэ тэтгэвэр дээр нь нэмчихээд тэтгэвэрийг чинь нэмчихсэн гэж байгаад ахмадууд үнэхээр бухимдалтай байна” гэсэн юм. Түүнчлэн ахмад настан Г.Жамьяан “Сүүлийн 10-аад жилийн Засгийн газарт ийм худалч, цадиггүй ЗГ байсангүй” хэмээн дургүйцлээ илэрхийлж байлаа.
Өмнө нь 2013 оны 3 болон 10 дугаар сард Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлөөс тэтгэврийн доод хэмжээг 250 мянган төгрөгөөс доошгүй болгон тогтоох. Хэрэв боломжгүй бол 50 мянган төгрөгөөс доошгүй нөхөн олговорыг тэтгэвэр дээр нь нэмж олгож байх шаардлагыг Монгол улсын Ерөнхийлөгч, ЗГ, УИХ-ын дарга болон Намын бүлгүүдэд хүргүүлэхэд аль нь ч хариу өгөөгүй байна.
Харин одоо тэд тэтгэврийн хэмжээг үнэ, инфляцийн бодит өсөлтөд нийцүүлж, энэ оны I улиралд дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авах тухай дөрвөн заалт бүхий мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлэх юм байна. Уг мэдэгдлийн хариуг ирэх гуравдугаар сарын 10-ны дотор албан бичиг болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгөхийг шаардаж буй аж. Хариу өгөөгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэлээ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ