Сэйж Коценбург: Би “Сочи”-гийн олимпийн анхны аварга болчихлоо шүү дээ
ОХУ-ын Сочи хотод болж буй өвлийн олимпийн хамгийн анхны алтан медалийн эзнээр АНУ-ын сноубордын залуу тамирчин Сэйж Коценбург тодорсон юм. “CNN” агентлагийн сэтгүүлч Доминик Лау залуу аваргатай цөөн хором ярилцжээ. 1993 оны долдугаар сарын 21-нд төрсөн mэрбээр анх удаагаа олон улсын томоохон тэмцээнд оролцож, амжилт гаргаж байгаа нь энэ юм.
1
-“Сочи”-гийн анхны хаанд энэ өдрийн мэнд хүргье. Аюулаас холдсон учир сэтгэл амар байгаа нь ойлгомжтой байх?
-Арай гэж хавхнаас мултарсан хулгана шиг л эрх чөлөөтэй байна. Энэ амар тайван байдлыг үгээр илэрхийлвэл “Халуун өдөр сүүдэрт сууж сэрүүцэх”-тэй адилхан юм уу даа.
1
-Үнэхээр сайхан хариулт байна. Таныг “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд хамтдаа орж ирсэн АНУ-ын баг тамирчид бараг л танихгүй байх шиг санагдсан. “Сочи”-гийн анхны алтыг Америк авлаа гэхэд гайхах тамирчин олон тааралдсан?
-Ингэж хэлүүлэх нэг шалтгаан байгаа гэж бодож байна. Би өмнө нь амжилт гаргаж, нэрээ цуурайтуулж байгаагүй. Өнгөрсөн жил Герман улсад зохиогдсон сноубордын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 97 тамирчнаас 20-т жагссан. Улсын аваргад бэртэлтэй байсан учир хоёр жил дарааллан өнжсөн. Тиймээс л энэ бүх яриа гарсан байх. Тэгэхдээ би гомдохгүй байна. Би “Сочи”-гийн олимпийн анхны аварга болчихлоо шүү дээ. Одоо та нар танихгүй гээд яах юм. /Инээв/.
1
-Нэг зүйлийг асуумаар байна. Та алтан медаль авахаар индэр дээр гарсаныхаа дараа АНУ-ын залуу дуучин “Майли Сайрусаа би чамд хайртай” гэж орилсон. Бас олны өмнө байнга л дуучин бүсгүй шиг урт хэлээ гаргаад л. Та хоёр ямар нэгэн байдлаар холбоотой юу?
-Үгүй дээ. /Инээв/ Би түүнд хайртай. Зүгээр л фэний хувиар. Анх түүнийг урт хэлээ гаргахад гайхах хүмүүс олон байсан. Яагаад Майли ингэж аашлаад байгааг нь мэдэхийн тулд л ийм үйлдэл хийсэн юм. Танд муухай санагдаагүй биз дээ. Надад маш хөгжилтэй санагдаж байгаа. Аз таарвал, тэр намайг харах байх.
1
-“Сочи”-д авсан алт танд хэр үнэ цэнэтэй?
-Их сонин асуулт байна. Та миний хүзүүнд зүүлттэй байгаа алтан медалийг харж байна уу. Би энэ зүйлийн төлөө өдөр шөнөгүй хөлсөө гаргаж хөдөлмөрлөсөн. Ганцхан энэ медалийн төлөө амьдралынхаа хамаг сайхан мөчүүдээ үрсэндээ харамсахааргүй боллоо. Хамгийн сонирхолтой нь би алтан медаль хүртчихээд байхад дараагийн олимпод хэрхэн орохоо бодож байна гэхээр “Хүн хязгааргүй хүсэлтэй” гэдгийг ойлгож байх шиг.
1
-Таны ах, эгч хоёр сноубордын нэртэй тамирчид гэсэн. Танд зөвлөгөө өгч байв уу?
-Тиймээ. Надад маш их зөвлөгөө өгч байсан. Инээдэмтэй нь одоо хүртэл зөвлөгөө өгсөөр л байна. Ах бид хоёр ухаан орсон цагаасаа л шилдгийн төлөө өрсөлддөг байсан. Би илүү, чи илүү гээд л. Харин алтан медаль авсны дараа ах минь “Чи шилдэг, манай гэр бүлийн гайхамшиг” гэж хэлсэнээр надад бууж өгсөн гэж бодож байна. Эгч, ах хоёрыгоо Ванкуверийн 2010 оны олимпод оролцож байхад миний атаархал ямар их төрж байсан гээч.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ