Дээд боловсролын барзгар төрх
Монголын дээд боловсролын дүр төрхийг МУИС илтгэж, харуулах ёстой. Сургалтын чанар чансаа, систем, багш нарын ур чадвар, орчин нөхцөл, уламжлал шинэчлэл гээд олон зүйлээрээ энэ сургууль бусдыг манлайлах ёстой. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын гэсэн тодотгол нэр төдийхөн байх учиргүй. Энэ сургуулиас төрөн гарсан боловсон хүчин МУИС гэсэн дипломоор нүүрээ тахлах бус өөрийн мэдлэг мэргэжлээрээ бусдаас ялгарч байх ёстой. Гэвч бодит байдал дээр энэ сургууль Монгол Улсын их сургууль гэх нэрнээс цаашгүй болсныг гадна дотны олон хүчин зүйлээс харж болно. Бүтцийн өөрчлөлт нэрийн дор сургуулийн удирдлага, багш нар олон сараар зөрчилдөж, эцэстээ шүүхийн хаалга таталцах болов. МУИС-ийн салбар сургуулиудыг татан буулгаж, дөрөв болгосон удирдах зөвлөлийн шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Т.Энхжаргал түтгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Цааш хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй ч бүтцийн өөрчлөлт гэх үйл явц түр хугацаанд завсарлана гэсэн үг. Шалтгаан нь бүтцийн өөрчлөлт хийсэн хүмүүс хууль зөрчсөн гэнэ. МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш Б.Болд-Эрдэнийн хэлж буйгаар бүтцийн өөрчлөлт хийсэн шийдвэр нь Дээд боловсролын тухай хуулийн 12.1.5 дугаар заалтыг зөрчсөн байна. Энэхүү заалтад сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, татан буулгах, байгуулахад тогтоосон журмыг баримтална хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн дүрмийг баримтлах ёстой гэсэн үг. Гэтэл МУИС-ийн удирдлагууд өөрсдийн боловсруулж, баталсан дүрэм журмаа өөрсдөө зөрчсөн нь илрэв. Өөрчлөхийн тулд өөрчлөв үү?
.
БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр МУИС-ийг аргацаасан, оюутны төлбөрийг аваад л байж байдаг хувийн сургууль шиг болчихсон нь маш том эмгэнэл хэмээн тодорхойлсон. Товчхондоо бодлогыг нь тодорхойлогч МУИС-ийг хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг хэлсэн хэрэг. Тиймээс ч өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй гэж үзэн, үүнийгээ салбарын яамны бодлого хэмээн хэлж байсан удаатай. Гэвч дээрээс шидсэн бодлого байгаа оносонгүй юу, эсвэл дэргэдэх хүмүүс нь замхруулав уу. Ямартай ч МУИС-ийн бүтцийн өөрчлөлт буруу замаар будаа тээв бололтой. Энд БШУЯ ч буруутай. Бидний бодлого шийдвэр хэмээн олонд зарласан хэрнээ эхэлсэн ажлаа хуулийн дагуу, зүй ёсны болгож чадсангүй. Сургуулийн удирдлагууд ч ялгаагүй. Хэл ам дагуулж, эрх мэдлээр далайлган хүчээр шахам хийсэн бүтцийн өөрчлөлт нь хууль зөрчсөн үйлдэл болсныг холбогдох газар нь тогтоочихлоо. Салбар сургуулиудыг удирдаж байсан захирлууд, тэдний болон тэнхимийн туслахуудыг ажлаас нь чөлөөлж, хэсэгтээ бужигнасан ч таатай үр дүн авчирсангүй. Түтгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийн дагуу сургуулийн удирдлагын зүгээс ямар ч шийдвэр гарах ёсгүй. Гэтэл татан буугдсан сургуулийн захирал, туслахуудыг өөр ажилд шилжүүлэх шийдвэр гарсан мэдээ чих дэлсэх болов. Энэ мэтээр Монголын ууган сургуулийг тойрсон хэл ам тасрахгүй нь.
.
Мэдээж өөрчлөлт, шинэчлэлтийг үгүйсгэсэнгүй. Харин тэр бүхэн хэсэг бүлэг бус нийтийн эрх ашгийн төлөө байгаасай. МУИС-ийн нэртэй диплом дээд боловсрол биш гэдгийг эрдэмтэн багш нар хэнээс ч илүүгээр мэдэж буй биз ээ.
.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ