Ш.Солонгыг эргүүлэн томилохоор боллоо
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонгыг ажлаас нь хууль бусаар хэлсэн гэх маргааныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр хянан хэлэлцлээ. Улмаар шүүх бүрэлдэхүүнээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт Ш.Солонгыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд эргүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.4 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.
Засгийн газрын өнгөрсөн оны тавдугаар сарын хуралдаанаар Ш.Солонгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж, тэрээр ажлаасаа үндэслэлгүй халагдсан хэмээн анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм. Сүхбаатар дүүргийн шүүх уг хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас халах тухай” 187 дугаар тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоон, уг тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Солонгыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 сая төгрөгийг хариуцагч Засгийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан юм.
Нийслэлийн шүүх мөн хэргийг 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд Ш.Солонгод ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 сая төгрөг гаргахаар шийдвэрлэснийг 7 сая 442 075 болгон өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж байсан юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг ийнхүү хэвээр үлдээлээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ