Ц.Содномдоржийн барилдах эрхийг түдгэлзүүлжээ
Модон морин жилийн сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбатай барилдсан харцага Ц.Содномдоржийн барилдааны талаар МҮБХ-ны тэргүүлэгчдийн ээлжит бус хурлаар хэлэлцжээ.
Түүнийг барилдааны төгсгөлд өрсөлдөгч бөхийнхөө зүүн гарыг мөр тохойны үеэр нь хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан хэмээн үзэн, хоёр үйлдлээр буруутгаж, заал, танхимын барилдаанд барилдах эрхийг нь дөрвөн сарын хугацаагаар хассан байна.
МҮБХ-ны дүрмийн 7-р бүлгийн Бөхийн цээр, зэм шийтгэл хэсгийн 7.3-ын “б”-д зааснаар бөхчүүдийг гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэдэг байна. Үүнд: “Цохиж халах (даллан цохих, шуугаар халах), хоолой шахах, зориуд мөргөх, ямар нэг байдлаар алгадах, цохих, өшиглөх, тийрэх, унасан бөхийн дээрээс жигнэх, тохойлдох, нитгэрэх, биеийн жингээр дарж жигнэх, өвдөглөн барьц тавиулах, хоёр гарыг давхар хөших, сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө гараар элэг бүснээс барьж тохой хөших, бусад хэлбэрээр үений эсрэг хөших, өлмий дээр гишгэх улмаар мэх хийн унагах” гэж заасан байдаг аж.
Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн нь учраа бөхдөө гэмтэл учруулаагүй бол уг бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш хоёрдахиа зөрчих буюу хоёр цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай шагналыг олгохгүй. Харин гэмтэл учруулсан бол бай шагналыг олгохгүйгээр барилдаанаас хасч, тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тухайн бөхийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлнэ хэмээн заасан байдаг юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ