Ойн туурайтан амьтдын урт хугацааны мониторинг судалгаа хийж байна
Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Хөх нуурын шивэрт имт, Чулуут нүүр, Чулуут нүүрийн ар хавтгай, Хялалзага зэрэг газарт ойн туурайтан амьтдын мониторинг судалгаа гүйцэтгэлээ. ХНБЦГ-ын Хойд тамирын эх орчимд нутгийн иргэдийн оролцоотойгоор халиун буга (сervus elaphus), бор гөрөөс (сapreolus pygargus) бадгана хүдрийн (moschus moschiferus) байршил, нягтшлыг тогтоох урт хугацааны мониторинг судалгааг эхлүүлэх нь энэ удаагийн ажлын үндсэн зорилго юм. Мөн нутгийн иргэдэд судалгаа хийх аргыг заах, судалгаанд хамрагдах газар нутгийн халиун буга, бор гөрөөс, бадгана хүдрийн байршил, нятшлыг тогтоох, тухайн орон нутагт тархсан халиун буга, бор гөрөөсний тоо толгой, нөөцтэй холбоотой аман мэдээ материал цуглуулж, тоо толгойн байдлыг баримжаалан тогтоох зорилттой ажиллалаа. Судалгаанд хамтран оролцох Нутгийн иргэдэд сургалт явуулж, тооллого явуулах газар, маршрут, дурандаж болох өндөрлөгийг 1:50 000 масштаб бүхий газрын зураг ашиглан тодорхойлон, хэд хэдэн чиглэлийн маршрут гаргасан. Дурандах өндөрлөг дээрээ нар мандахаас өмнө очиж 2-3 цаг ажиглалт хийж, ажиглалтаа тулгуурлан маршрут тус бүрт хоёр хүн явганаар болон мориор 3-10 км газар явж очих газартаа хүрснээр зурвас замлалын, цэгэн ажиглалтын гэсэн хоёр аргачлалаар судалгааг явуулав. Ойн туруутан амьтдын мониторинг судалгаа хийхдээ мэдээллийн стандартчилсан маягтууд ашиглан, ойн туруутан амьтдын популяцийн мониторинг судалгааны үндсэн мэдээлэл болох амьтны зүйл, нийт тоо, сүрэг дэх амьтны нас, хүйс, тухайн амьтан тэмдэглэсэн газрын байршил зэргийг цуглуулан гүйцэтгэлээ. Ойн туруутан тоолох явцад тохиолдох бусад амьтны тохиолдцыг мөн давхар тэмдэглэлээ. Ажиглалт судалгааны үеэр Хангайн нурууны БЦГ-ын Хойд тамирын эх орчмыг хариуцсан байгаль хамгаалагч С.Баасансүрэн байгалийн гамшигт нэрвэгдсэн шархадсан нөмрөг тас шувууг эмчлэн тэжээж байна гэж ХНБЦГ-ын Судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Баттулга мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ