"Хавдрын эсрэг-2014" аян есөн аймагт үргэлжилнэ

img

Дэлхий нийтэд ахмад настны өвчлөл гэж нэрлэгддэг “хорт хавдар” хэмээх нэршил монголчууд та бидний хэдийнээ танил болсон. Учир нь та бидний төрөл төрөгсөд, найз нөхөд, хайртай дотны хэн нэгэн маань “хорт хавдар”-аар өвчилсөн гэх оноштой болжээ гэсэн мэдээг ойр ойрхон дуулгах болсон. Хорт хавдрын төрөл, өвчлөл нэмэгдэхийн хэрээр эмч эмнэлгийн ажилтнууд ард иргэдэд хандан “Хавдар эдгэрдэг өвчин. Хамгийн гол нь эрт оношлуулж, өвчлөлийн эхэн үед эмчлэх нь үр дүнтэй” хэмээн сануулж буй. Гэвч монголчууд ихэнхдээ ажил их байна, эмчид үзүүлэх зав гарахгүй байна, дараа л нэг хэмээн шалтаг тоочсоор өвчин зовлонг мэдэрсэн үедээ л эмчид ханддаг нь нууц биш. Эд эрхтэн өвдсөн эсэхийг эмчид үзүүлээд мэдэж болох ч “хорт хавдар” өвчний хувьд хүний эсийн түвшнээс өвчлөл эхэлдэг тул энгийн үед мэдэх аргагүй. Тиймээс гэнэт бий болдоггүй, аажмаар өвчилдөг хорт хавдраас хүн бүр өөрийгөө хамгаалж, эрүүл мэнддээ анхаарал тавьж, үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж байвал урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

ы

Гэвч жилээс жилд манай улсад хорт хавдраар өвчлөгсдын тоо нэмэгдэж, нас нь залуужиж, тэр дундаа, элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүүний хорт хавдар зонхилох болсон. Иймд ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), МҮОНРТ-ийн хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян” 2011 оноос хойш Монгол орон даяар хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд 2011 онд 21 аймаг, нийслэл хотын 9 дүүрэгт, 2012 онд 12 аймагт, 2013 онд 8 аймагт тус тус хэрэгжсэн юм. Тэгвэл 2013 оны статистик мэдээгээр хорт хавдрын шинэ тохиолдлын 57 орчим хувь нь хөдөө орон нутагт, 43 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 2014 онд Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай зэрэг есөн аймагт аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар өнөөдөр хамтрагч талууд гэрээг үзэглэлээ.

бй

Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа, МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар болон эмч, мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцсон юм. бйы Эрүүл мэндийн сайд Н.Удвал   энэ үеэр “Хавдрын эсрэг үндэсний аян” маш үр дүнтэй болж чадсан гэдгийг юуны өмнө онцолмоор байна. Халдварт бус өвчин түүний дотор хорт хавдар өвчин манай улсад төдийгүй дэлхий дахины хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт хор хөнөөл учруулж буй асуудлуудын нэг болж байна. Монгол улсад халдварт бус өвчин хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас эндэх болсон. Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас Халдварт бус өвчин түүний дотор хорт хавдраас сэргийлэх, хянах асуудалд анхаарлаа хандуулж, бодлого хөтөлбөртөө тусгаж ирсэн. Өмнөх жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хөх, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчлэхэд тал дээр түлхүү ажилласан бол энэ онд элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилбэл бүрэн эдгэрдэг өвчин. Нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлан, хамгийн том дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллаж байгаа МҮОНРТ, Хаан банкны хамт олонд Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархлаа илэрхийлье” гэлээ. бй 2011 оноос эхэлсэн тус аяны үр дүнд нийт 55 мянга орчим иргэнийг үзлэг, оношилгоонд хамруулж, аймаг, дүүрэг, сум, өрхийн 3150 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, 1300 гаруй сайн дурын идэвхтнийг бэлтгэжээ. Ийнхүү ард иргэдийн хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлд сургахад Хаан банк сангаас нийт 460 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна. Харин энэ удаагийн аяны төсөв хараахан батлагдаагүй байгаа ажээ.

бы

Орон нутагт "Хавдрын эсрэг" аянг хэрэгжүүлснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хүн амын мэдлэгийг дээшлүүлж, үнэн бодит мэдээ, мэдээллээр хангах, эрсдэлт бүлгийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллах юм. Эмч нарын баг хөдөө орон нутагт 6-7 саруудад үзлэг, мэс засал гэсэн хоёр үндсэн чиглэлтэй ажиллах бөгөөд нэг аймагт ойролцоогоор зургаан өдрийн хугацаанд ажиллах аж. Ингэхдээ сум, багийн иргэд, малчдыг түлхүү хамруулахаар зорьж буйгаа зохион байгуулагчид онцолж байлаа.

sda

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ