Тимошенкогийн хүсэлтийг хүлээн авсангүй
Украины Харьков хотын дээд шүүх Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн зургаан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Тимошенко өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дээд шүүхэд, “шоронд гар утас ашиглах, гадаа гарч салхилах, сард нэг удаа гэр бүлийхэнтэйгээ уулзах, улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, дотоодын хэвлэл захиалах, өршөөлийн хуульд хамрагдах” гэх зургаан хүсэлт өргөн барьсан юм.
Шүүхээс энэ талаар мэдэгдэхдээ Юлия Тимошенкогийн саналууд, “Украины үндсэн хуультай харшилж байгаа учир аль ч саналыг нь хүлээн авахаас татгалзсан” гэжээ.
Өчигдөр нийслэл Киев хотод Юлия Тимошенког суллахыг шаардсан 1000 гаруй иргэн цагдаагийхантай мөргөлдсөн нь Украиныг дахин хөдөлгөөнд оруулж эхэллээ. Жагсаалд оролцож буй иргэд “Украины эрх чөлөөний хатан хааныг даруй сулла” гэх лоозонг Засгийн газрын ордны өмнө байршуулжээ. Тимошенко одоогоор “Стан” шоронгийн эмнэлэгт нурууны архаг өвчнөө эмчлүүлж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ