Зүүн хойд Азийн асуудлаар ярилцжээ
ГХ-ны сайд Л.Болд БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Батлан хамгаалахын сайд Ким Гван Жин-тэй ажлын уулзалт хийжээ. Уулзалтын үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж Солонгост суралцаж буй цэргийн боловсон хүчний тоо хоёр дахин нэмэгдсэн, энхийг сахиулах ажиллагааны зориулалттай цэргийн техник тоног төхөөрөмж тусламжаар нийлүүлэх, олон улсын энхийг дэмжих сургалт дадлагад хамтран оролцох зэрэг үйл ажиллагаа амжилттай хэрэгжих болсныг дурдсан байна. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ли Бен Сок сайд Л.Болдыг мөн хүлээн авч уулзжээ. Энэ үеэр хоёр орны улс төрийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй явж ирснийг тэмдэглээд 2014 оны гуравдугаар сард болох УИХ-ын дарга З.Энхболдын БНСУ-д хийх айлчлалыг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг хүсчээ. Тэрээр мөн БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудал манай Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болохыг тэмдэглэн хэлж БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс цаашид манай иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах талаар үргэлжлүүлэн анхаарал тавих, иргэд харилцан зорчих явдал нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд визний асуудлыг илүү хялбарчлах талаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хоёр талын холбогдох байгууллага анхаарч, хамтран ажиллах санал тавьсан байна.
Мөн өдөр сайд Л.Болд БНСУ-ын солонгосын ард түмнийг эргэн нэгтгэх асуудлыг хариуцдаг Үндэсний Нэгдлийн яамны сайд Рю Гил Жэ-тэй уулзжээ. БНСУ-ын Үндэсний Нэгдлийн Сайд Рю Гил Жэ Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд Монгол Улсын үүрэг оролцоог өндрөөр үнэлж цаашид энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нь зүйтэйг тэмдэглэсэн байна. Уулзалтын үеэр Монголын тал Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Улаанбаатрын яриа хэлэлцээ” нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн урт хугацааны зорилт бөгөөд Солонгосын хойг дахь түгшүүртэй байдлыг яриа хэлэлцээний замаар намжаах, энх тайванг тогтооход түүний үндсэн зорилго оршиж буйг тайлбарлан уг санаачлагын үр дүнд хүргэх талаар санал солилцжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ