Г.Шийлэгдамба: МАХН Засгийн газраас гишүүдээ татахгүй
МАХН-аас өнгөрсөн онд явуулж байсан “Шударга ёсны аян”-г 2014 онд үргэлжлүүлэн, хөдөө орон нутгаар явж иргэдтэй уулзалт хийхээр болжээ. Тус намын УИХ, Засгийн газарт суудалтай гишүүд баг бүрдүүлэн, 6 бүст хуваагдаж 21 аймгийн 73 сумаар энэ сарын 20-оос ирэх сарын 7-ны хооронд явах аж.
6
“Энэ ондоо багтаагаад Монголын бүх сумдаар орж, ард түмнийхээ амьдралтай газар дээр нь очиж танилцан, санаа бодлыг нь сонсох болно” хэмээн МАХН-ын Орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Түүнчлэн энэ дөрөвдүгээр сард товлогдоод байсан МАХН-ын их чуулган хойшилжээ. Учир нь намын даргын биеийн байдал болон тус чуулганы бэлтгэл ажлыг сайтар хангах зэрэг шийдвэрлэх асуудал бий аж. Харин их чуулганаар Засгийн газрын үйл ажиллагаа болон улс орны талаар хэлэлцэх асуудал их байгааг тус намын нарийн бичгийн дарга нар хэллээ.
5
Хэвлэлийн бага хурлын үеэр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
6
-“Шударга ёс аян”-ыг ямар зорилгоор үргэлжлүүлэх зохион байгуулж байгаа юм бол?
-Бид “Шударга ёс аян”-ынхаа хүрээнд хөдөө орон нутгаар явж, иргэдийнхээ дуу хоолойг сонсч, АН-ын ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа, мөн Шударга ёс эвслийн болон МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг харьцуулсан дүгнэлтийг гаргахаар судалгаа хийнэ. МАХН-ын туйлын зорилго бол заавал 2016 он хүртэл хамт ажиллах явдал биш. Улстөрийн намууд нь амласан амлалтандаа хүрдэг байх, Шударга ёс эвслээс тавьсан мөрийн хөтөлбөр хэрэгждэг байх, Монголын ард түмний эрх ашгийн төлөө байх нь МАХН-ын туйлын зорилго юм.
6
-Н.Энхбаяр дарга эргээд улс төрд орно гэж яригдаад байгаа. Энэ үнэн үү?
-Хувь хүний шийдвэр шүү дээ. Өнөөдөр Н.Энхбаяр дарга олон нийтэд мэдээлээд байгаа шиг улс төрд орж, Шадар сайд болох гээд байгаа зүйл байхгүй. МАХН-ын даргын хувьд УИХ, Засгийн газарт байгаа гишүүдээрээ дамжуулан өөрийн бодол санаагаа илэрхийлдэг. Бодол санаа гэдэг нь эцэстээ Монголын ард түмэн төр засгийн шийдвэрээс хождог, УИХ-аар батлагдаж буй хуулиуд ард түмний эрх ашиг руу чиглэдэг байх нь чухал гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.
6
-МАХН Засгийн газраас гишүүдээ татна гэж яригдсан. Энэ талаар тайлбар өгөөч?
-Ийм асуудал байхгүй. МАХН энэ засаг төрийг тогтвортой байгаасай гэж хүсч байгаа. Гэхдээ энэ нь Засгийн газрыг хариуцлагагүй байсан ч дэмжинэ гэсэн үг биш. Хэрвээ хариуцлагагүй байвал шүүмжлэлийг улс төрийн хүчнүүд хариуцлагатайгаар өрнүүлдэг байх хэрэгтэй. Буруу зүйлийг нь бид нүдээ аниад өнгөрч болохгүй тул энэ засгийн зөв зүйтэй үйл ажиллагааг нь дэмжинэ, бурууг нь шүүмжилж байр сууриа илэрхийлж байх болно.
6
-УИХ-д ганцхан намын эрх ашиг давамгайлж байгаа гэж танайх шүүмжилсэн. Энэ талаараа тодруулаач?
-Хамтарсан Засгийн газрын буюу улс төрийн намын хамтын ажиллагааны цаана ганцхан намын эрх ашиг байж болохгүй. Гэтэл өнөөгийн нөхцөл байдалд харамсалтай нь ганцхан АН-ын эрх ашиг давамгайлах болжээ. Үүнийг бид өөрчлөх ёстой. Үүний тулд бусад улс төрийн намуудтай хамтран ажиллаж байгаа. Бид энэ асуудлыг УИХ-ын гишүүд, бүлгээрээ дамжуулан хаврын чуулганд оруулна.
7
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ