Монгол брэндийг гадаад зах зээлд борлуулах талаар хэлэлцлээ
“Жижиг дунд үйлдвэр-Монгол брэнд” хэлэлцүүлгийг өнөөдөр Хөдөлмөрийн яам, Дэлхийн зөн, хүний нөөцийн менежментийн холбооноос хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хэвлэл, гоо сайхан, ноос ноолуур арьс шир, оёдол гэх зэрэг салбар бүрийн 30 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байв.
6
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх заалт орсон байдаг. Энэ заалтын дагуу хөтөлбөр боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шатандаа явж байгаа юм байна. Тус хөтөлбөрт жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, борлуулалтыг дэмжих асуудал тусгагджээ. Харин борулуулалтыг дэмжих үүднээс Монгол брэндийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Иймээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнд шинэ технологи нэвтрүүлэх, олон улсын стандартад нийцсэн сав баглаа боодлыг дэлгэрүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах зэрэг тулгамдсан асуудал цөөнгүй байгааг Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Мөнхцэцэг хэлсэн. Харин брэнд бий болсны дараа тухайн бүтээгдэхүүнийг гадны зах зээлд танилцуулах, маркетингийг нь сайжруулах хэрэгтэй байгаа аж. Тиймээс хэлэлцүүлгийн үеэр Монголын Үндэсний марктенгийн зохицуулалтын газрын захирал Стивен Креппел оролцогчдод зориулан “Маркетингийн бодлого ба брэндийг хөгжүүлэх арга зам” сэдвээр илтгэл тавьсан байна. Монгол брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, гадагш гаргахын тулд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэх шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулагчид онцолж байлаа.
6
Монголчуудын хувьд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулан, гадагш нь гаргавал амжилт олох боломж бий аж.
5
Тухайлбал, ааруулыг дэлхийн зах зээлд гаргаж чадвал эрэлттэй байх талаар Стивен Креппел хэлж байв. Учир нь маш их кальци агуулсан энэ бүтээгдэхүүнийг ганцхан Монгол улс үйлдвэрлэдэгээрээ давуу талтай юм. Мөн монголчуудын үйлдвэрлэсэн савхи маш чанартай тул өндөр зэрэглэлийн брэндүүдтэй ижлээр хийц загвартаа анхаарч чадвал гадны зах зээлд амжилттай борлуулагдах боломж бий аж.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ