Хууль бусаар хил нэвтэрсэн гурван иргэнд ял оноолоо
ОХУ-ын иргэн Кызыл-Оол Тамир Маннай-Оолович, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек Бычы-Оолович нар нь бүлэглэн өнгөрөгч 2013 оны 11 дүгээр сарын 01-ны орой Монгол Улсын хилийн 91/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын Тува улсын талаас хууль бусаар хил нэвтэрч, галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлсэн.
Уг гэмт хэргийг Увс аймгийн прокурорын газраас 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж орлогч прокурор Б.Гантулга яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Тус хэргийг Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Кызыл-Оол Тамир Маннай-Ооловичид нийт 12 жил 1 сар хорих ял, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек Бычы-Оолович нарт 10 жил 1 сар хорих ялыг тус тус оногдуулсан байна.
Шүүгдэгч нарын ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасны дагуу чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ