“Морин хуур” наадмын бүртгэл эхэллээ
Хоёр жил тутамд болдог “Морин хуур” олон улсын наадам ирэх дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улсын филармонид болно.
Анх 2008 онд “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байсан энэхүү үйл ажиллагаа наадам-симпозиум, уралдаан гэж ээлжилдэг.
Наадмын бүртгэл эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Наадамд оролцогчдын тоо, насанд хязгаар тавихгүй, морин хуур сонирхогчдоос эхлээд мэргэжлийн хөгжимчид ч оролцох боломжтой аж. Оролцохыг хүсэгчид “Эгшиглэн” хөгжмийн зэмсгийн дэлгүүрийн байранд очиж бүртгүүлэхээс гадна j.uugankhuur@gmail.com хаягаар холбоо барьж болох юм байна.
Дэлхийн морин хуурын холбооноос санаачлан, ССАЖЯ дэмжин зохион байгуулах уралдааны журмын дагуу хуурчид монгол ардын бэсрэг уртын дуу “Шанжуу дээл”, “Тунгалаг тамир”-ыг бүтэн түрлэгээр тоглох ёстой. Мөн баруун монгол ардын татлага “Балчин хээр” болон “Жонон хар”-ыг Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Довчин агсан, Соёлын тэргүүний ажилтан н.Нэргүйн хуурдсанаар тоглох юм. Уралдааны шүүгчээр мэргэжлийн хөгжимчин, багш, удирдаач, судлаач нар ажиллана.
gg
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ