Солонгосчууд визний шаардлагаа хөнгөвчлөхөө амлажээ
БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Л.Болдын айлчлал амжилттай өндөрлөлөө. Хоёр орны хоорондох эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргаж, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулж буй Монгол-Солонгосын бизнес форум байгууллагын түншлэлийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд тэрбээр оролцож үг хэлжээ. Энэхүү форумыг хоёр талаас улс төр, бизнесийн нөлөө бүхий зүтгэлтнүүд нэгдэн байгуулж байгаагийн дотор Солонгосын Корейн Эйр, Самсунг, Хьюндай моторс, Поско, Дэйлим зэрэг томоохон корпорацийн удирдлага, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Во Юн Кюүн, Ли Ли Жэй, Ким Тэй Нюүн, Инчён-2014 Азийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Жүон Хюн Хюй нарын улс төрийн зүтгэлтнүүд ирсэн байлаа. Монголын талыг төлөөлөн санамж бичигт УИХ-ын гишүүн Г.Батхүү, “Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн захирал Я.Батсуурь нар гарын үсэг зурсан байна.
1
Айлчлалын үеэр сайд Л.Болд БНСУ-ын Үндэсний ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дарга Пак Ёнг Сунгтай уулзжээ. Уулзалтаар сайд Л.Болд БНСУ-д зорчиж буй манай иргэдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа хэдий ч иргэдийг БНСУ-д зорчих виз авахад барьцаа мөнгө авч байгаа нь явж буй иргэдэд хүндрэл учруулаад зогсохгүй нийт Монголчуудад БНСУ-ын тухай буруу ойлголт төрүүлэх, хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл болж байгаа тул барьцаа мөнгө авах асуудлыг зогсооход дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Ноён Пак Ёнг Сунг хүсэлтийг хүлээн авч байгаагаа илэрхийлж, ойрын хугацаанд холбогдох байгууллагуудад мэдэгдэж хэрхэн шийдвэрлэснийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын яамаар дамжуулан албан ёсоор хариу өгөхөө мэдэгджээ. Харин түүний дараа Үндэсний ассамблейн Гадаад бодлого, Үндэсний эв нэгдлийн байнгын хорооны дарга Ан Хон Жүн юуны өмнө эрүүл мэндийн шалтгаанаар зорчиж буй болон Солонгост суралцагчдын ар гэрийнхний визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр Засгийн газартаа даруй арга хэмжээ авах чиглэл өгөхөө амласан байна.
1
БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Солонгосын Үндэсний дипломат академийн үйл ажиллагаатай танилцаж академийн дарга Юн Дөк Мин-тэй уулзжээ. Тавь гаруй жилийн түүхтэй тус академи нь Солонгосын гадаад харилцааны салбарын ажилтнуудыг бэлтгэх, дадлагажуулах, давтан сургах болон эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг гол төв бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зэрэг нэртэй дипломатчид төгсчээ. Уулзалтаар Монгол улсын Гадаад харилцааны яамны дэргэд байгуулахаар шийдвэрлээд байгаа Дипломат академийг бэхжүүлэх, залуу дипломатчдыг харилцан солилцож сургах зэргээр хамтран ажиллахаар тохирсон байна. Сайд Л.Болд айлчлалынхаа төгсгөлд дэлхийн хамгийн том чөлөөт бүс болно гэгдэж буй Инчён хотын эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцжээ.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ