Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлнэ
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт зохион байгуулж байгаа билээ. Энэ төслийг УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төсөл хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар Багабаян дахь “Энхийн төлөө цогцолбор”-т сургалтанд хамрагдаж байгаа Налайх, Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд хандан үг хэллээ.
1
Төслийн захирал Б.Болдбаатар “Энэхүү төслийн хүрээнд орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгож байна. Мөн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн хариуцлага болон хурлын хяналтын үүргийг нэмэгдүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдэж байна” гэлээ. Өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн уг төсөл нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд чиглэжээ. Энэ хүрээнд иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Өнгөрсөн онд Хэнтий, Өмнөговь, Төв, Баянхонгор, Баян-Өлгий аймаг, Сонгино-Хайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 2100 төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгуулжээ. Энэ онд 16 аймаг, зургаан дүүргийн 6000 гаруй төлөөлөгчийг хамран зохион байгуулагдах аж.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ