Жалгандаа намчирхаад

img

Говь-Алтай аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль нэг тийш болж дүнгээ гаргаснаар хуваагдал талцал дагуулсан улс төржилт нэг намдах нь уу гэтэл үгүй бололтой. Гар амар зүгээр сууж чадахаа байсан жалга довны улстөрчид бие биеэ албан тушаалаас нь нисгэх намжсан операциа үргэлжлүүлсээр байгаа сураг чих элсэж эхэллээ. Сум орон нутагт эрх баригч олонх болж аваад төсөв мөнгө орон нутгийн зээлээс цохих дэлсэх ажил нь нэг талдаа жигдэрсэн тул одоо уйдахдаа дараагийн сонгуулийн багаа бэлдэж сургууль цэцэрлэг зэрэг төсөвт байгууллагын  “томчуудаараа” оролдож эхэлсэн байна. Хуучнаар бол намын цэвэрлэгээ, одоогийн хэлдгээр бол жалга довны улс төржсөн жийлт хийдэг жудаггүй заншил хөдөө газар бий болоод байгаа нь бараг 20-оод жилийн түүхтэй.

МАН-ыг ялагдашгүй мэт сонгуулиас сонгуульд тугаа өргөж байх үед АН орон нутгийн сонгуульд яагаад ч бардаггүй байлаа. Тэр үед их найзархуу түвшинд хуулийг хэрэгжүүлдэг байсан болохоор сонгуулийн хэсгийн хороо, суртал ухуулагч нар нь ихэнх нь багш нар ба түүний нөхөд байлаа. Сонгуулийн дүнг нэг талд гаргачихаад байсан энэ бүлгийн том толгойлогч нь сургуулийн захирал гэдэг онилгоо эндээс шууд гарна. Цааш гүнзгийрүүлж судлах юм бол өнөөх МАН /МАХН/-ын нөхөр байх.

1

Тухайн үеийн МАХН орон нутагт дийлддэггүй байсан нь энэ нам орон нутагт хөл гар урт буюу бүх нэгжид намын үнэнч албатаа хийж бүх шатны дарга захирлыг томилж тэд нар нь өөрийн доорх хүмүүсээ намын суртал болоод сонгуулийн хэрэгт гуйвшгүй байхад 4 жил бэлдэн ажилладаг байсантай холбоотой гэж хэлж болно.

1

Юм ээлжтэй хойно МАН-ын орон нутагдах хөл суларч, гишгэдэл алдаж сонгуульд ялагдал хүлээж эхэлсэн нь шат шатны дарга нар нь муу ажилласандаа ч бус угаасаа намжсан сүлжээгээ барьж төрийн ажлыг намын ажил болгож байсан нь иргэдийн эгдүүцлийг хүргэсэн юм. Шинэ жил  болно МАН-ын гишүүн сургуулийн галч Балдан мандаринтай том бэлгээр шагнуулах бол АН-ын тогооч Цэцгээ атга чихрээр шагнуулна. Улсын наадам болоход МАН-ын гишүүн залуу багш хүндэт медалиар шагнагдах бол АН-ын партизан, ахмад багш баярын бичиг ч үгүй хасагдах юм. Эхэндээ ингэж байхаар намын төлөөлөл захирал, эрхлэгчээ дагаад тэр МАН-ыг нь дэмжинэ гэдгээ сэм илэрхийлж, үүнийгээ нэг сонгуулиар батлан харуулаад аятайхан явах минь гэж хүмүүс цөхөрдөг байсан байх. “Тэр намд нь элсдэг ч юм уу яршиг, үхэхээсээ өмнө гавьяат холбоочноо аваад дуусмаар байна” гэх хүнтэй таарч байлаа. Тэр өвгөн холбооны салбарт 30 жил ажилласан ч шагналын тодорхойлолт нь дээшээ явдаггүй намын асуудалтай гэдэг шалтгаанаар даргынх нь өрөөний хогийн сав руу шидэгддэг байж.

1

Сүүлд нь энэ бүх намчирхсан хялайлт хавтгайруулсан хараа үзээгээ МАН-ынхан хэтрүүлээд эхэлсэн тул хүмүүс шударга ёсыг тогтоох найдлага тээн орон нутагтаа хэлцсэн юм шиг МАН-ыг сонгуулиар унагаасан. Сурталчилгаа муу хийсэн гэх юм уу гишүүддээ хүрч ажиллаж чадаагүй, орхисон мартсандаа ч бус намчирхал талцлаа хэтийдүүлж нам бус ба өөр бодолтой иргэдийг нам дарж басамжилж байсныхаа горыг МАН гашуунаар амсаж дараалсан ялагдал хүлээсэн. Сүүлийн 10-аад жилд орон нутагт МАН-ын жанжилсан жилүүдэд нам идэвхтэй дагасан зусарч хэсгийнхэн оройгүй баяжиж, АН-ын цэнхэр буланд хашигдсан хэсгийн олонх нь тэр дундаа жирийн иргэдийн амьдрал ялгаатай болж ирсэн. Үүнээс үүдэн иргэд төрийн халамж үйлчилгээ, бизнесийн  боломжийг тун ялгавартай авдаг байсан нь үнэн.

1

Одоо АН олонх болж улаан булангийнхан тодорно, сэхнэ гэнэ. Энэ бол хэтэрсэн хэрэг. Ухаантай хүн бусдын алдаанд засардаг гэдэг. МАН-ын 10 жил намчирхаж бардамнаж байхдаа иргэдийг ялгаварлан үзэж ялагдлын нүхээ ухсан алдааг давтах хэрэггүй юм. Ажлаа хийж чадаж байгаа хүн улаан цэнхэр хамаагүй байх, төрийн ажил үйлчилгээ иргэддээ ялгаваргүй хүрдэг байх шударга ёс тогтохыг хүсч иргэд АН-д саналаа өгснийг мартаж болмооргүй.

1

Архангайд багш нарыг арав таваар нь халлаа гэсэн гомдол зарга эхэлсэн байна. Гэнэт халагдсан тушаалаа бариад отго жинстэн дарга дээрээ очихоор “Улс төр ийм байна, ажлаа өг” гэж хэлдэг гэнэ. Иймэрхүү халаа сэлгээ зарим нөхдөд өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг болж байгаа ч одоо энэ цагаас эхлэн иймэрхүү улс төржсөн сэтгэлгээг халж, ухаалаг Засаг захиргаатай болох талаа харсан нь ирэх сонгуульд өөрт нь нэмэх оноо болж ирэх биз.

1

Сургуулийн ч бай цэцэрлэгийн ч бай захирал нарыг намын харьяаллаар нь хоморголон халахаар тушаалаа тамгалж суугаа Засаг дарга нарт хэлэх үг байна. “Та нар битгий тэнэгтээ, арай гэж нэг тоонон дор эвээр багтах гэж байгаа олон түмнийг зүгээр байлга” ...Жалга довондоо намчирхаад л, нэгийгээ нисгээд л... цаг цагаар тогтуун, хийх ажилгүй гар нь загатнаад л, Засаг дарга нар болиорой... Монголоо талцуулж эмтлэх хэрэггүй.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн :
маш зөв наад ажлаа маш хурдан хийж ман-ын үед тавигдсан чадваргүй нөхдийг залуу боловсролтой шинээр сэтгэдэг залуусаар солих хэрэгтэй, энийг ан зайлшгүй хийх үүрэгтэй . энэ бол нутаг орноо засч залруулж авах их ажлын чинь эхлэл , өмнөх ман-ын үед шургалсан, олон жил нутаг орны хөгжлийг хойш татаж бсн нөхдийг буцааж байранд нь тавь ........ наадуул чинь хэтэрхий дүрдээ итгэсэн бга шүү. амжилт
2014-02-18
иргэн:
энэ баяррхүү гэдэг мионголч биш нөхөр дандаа хов бичих юм аа. данхны ард ярьдаг ярианаас салаач. чи өөрийгөө их л том амьтан гэдэг биз дээ.
2014-02-17
zochin:
surguuliin zahiraluud songuuliin ulaan luibar hiideg shuu dee.2000 ond man-iihan ulaan pasportonii huudas bolgon deer hesgiin horoonii tamga darj huudasiig urj hayad l ahin dahin sanal ugch bsan.uuniig man-iii hesgiin horoog udirdaj bsan surguuliin zahiraluud guitsetgesen. songuuliin daraa bugd odon abna geed l nargitsgaaj bsan um.
2014-02-17
зөв шдээ:
ман мөнх байх боломж байсан даанч монгол хүний төлөө юу ч хийгээгүй тул зайлцгаах хэрэгтэй уйлан дууграад байх зүйлгүй шүүд ээ ман-чууд bye
2014-02-17
hishgee:
anam arai l dendej bna daa
2014-02-17