АНУ-ын консулын ажилчдыг хөөв
Венесуэлийн сөрөг хүчнийхний зүгээс өнгөрсөн долоо хоногоос эхлэн Засгийн газрын бодлогыг буруутган жагссаар байгаа. Харин Венесуэлийн Засгийн газрын зүгээс сөрөг хүчнийхнийг төрийн эргэлт хийхээр оролдож байна хэмээн буруутгаж байгаа учир, эмх замбараагүй байдал газар авсаар байна. Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй иргэдтэй өчигдөр АНУ-ын консулын албаны гурван төлөөлөгч уулзсаны дараахан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тэднийг эх орноосоо хөөж буйгаа мэдэгдэж, АНУ-ын консулын газрын үйл ажиллагааг зогсоожээ.
Нийслэл Каракас хотод өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалын үеэр гал нээсний улмаас гурван хүн амиа алдсан билээ. Николас Мадуро амиа алдсан хүмүүсийн үхэлд сөрөг хүчний тэргүүн Леопольдо Лопезийг буруутгаж, орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ