Хүйтний улиралд замын нөхөөс хийх ажлыг туршиж үзлээ

img

Улсын чанартай 13218 км замыг өвлийн улиралд зам хэрэглэгчдэд саадгүй байлгах явдал чухал. Тиймээс дээрх замуудыг хариуцсан байгууллагуудын хүчин чадлыг бэхжүүлж өвлийн замын шуурхай ажлын хэсгүүдийг 42 газарт байгуулан ажиллуулж байгаа аж. Эдгээр хэсгүүдэд шинээр барьсан байр, гражийн тохижилт ямар байх, машин механизмын бэлэн байдал, хариуцсан замаа хэрхэн арчилж хамгаалж байгаа талаар үзүүлэх сургуулийг Дархан-АЗЗА, Сэлэнгэ-АЗЗА компаниудын жишээнд олон улсын болон улсын чанартай А0402, А0403 дугаарын замууд дээр зохион байгуулж зам хариуцагч байгууллагуудын 60 гаруй ажилтнуудыг оролцууллаа. Энэ үеэр Сэлэнгийн замчид зам дээр нягтарч мөстсөн цасыг арилгадаг багаж зохион бүтээж машинд чирч явахаар болон гараар ажиллуулах жижиг 2 янзаар хийсэн, мөн замчдын үүргэвч бэлтгэж түүндээ ажлын багаж хэрэгсэл, зам дээр тавих тэмдэг, халуун сав аяга, эм хэрэгсэл нь хүртэл иж бүрэн байгаа, түүнчлэн давааны өгсүүр урууд цацахаар бэлтгэсэн овоолго хайрга, цасны зөөврийн модон хаалт, шороогоор далагнан хийж чулуугаар бэхлэсэн цасны хаалт зэргийг үлгэр жишээ хийснээ мэргэжил нэгт нөхдөдөө туршлага болгон үзүүллээ. Дархан-АЗЗА-гийн хамт олон Дархан-Эрдэнэт чиглэлийн замд Хөтөл тосгонд өөрсдийн хүчээр 100 гаруй сая төгрөгөөр хоёр давхар байр, 2 механизмын дулаан гаражийг өөрийн уурын зуухтайгаар барьж ашиглалтад оруулснаа үзүүллээ. Ингэснээр эдний замчид цаг агаарын ямарч нөхцөлд тохь тухтай ажиллаж, машин техникээ бэлэн байлгаснаар хариуцсан зам дээрээ ажиллахад хэзээ ч бэлэн байх боломжтой болжээ. Мөн энэ байраа ашиглаж хойт болон төвийн бүс нутгийн замчдад мэргэжлийн сургалтууд явуулахаар төлөвлөж байгаа ажээ. Үзүүлэх сургуулийн үеээр Канад улсаас зориуд авчирсан хүйтэн асфальто хольцоор хүйтний улиралд замын нөхөөс хийх ажлыг туршиж үзлээ. Хасах 18 хэм хүртэл нөхцөлд зайлшгүй шаардлагатай замын нүх эвдрэлийг нөхөх зориулалттай энэ хольцыг амжилттай хэрэглэж чадвал манай сэрүүн цаг уур голлодог нөхцөлд үр ашигтай байж болох юм. Ийнхүү өндөр өртөгөөр баригдсан инженерийн нарийн байгууламж болох авто замын засвар арчлалтыг байнга технологийн дагуу чанартай хийснээр замыг хөдөлгөөнд байнга бэлэн байлгах, зорчигчдын аюулгүй тав тухтай зорчих нөхцлийг хангах, зам, замын байгууламжийн эдэлгээг уртасгаж хөрөнгө мөнгийг хэмнэх ихээхэн ач холбогдолтойг үзүүлэх сургуульд оролцогсдод танилцууллаа. Дашрамд таницуулахад Сэлэнгэ-АЗЗА компани нь 113 км замыг хариуцдаг, 60 гаруй ажиллагсадтай, өнгөрсөн онд 2,3 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн, Дархан –АЗЗА компани 117 км хатуу хучилттай авто зам хариуцдаг 50 гаруй ажиллагсадтай, 40 шахам машин техник төхөөрөмжтэй, жилд тэрбум хүртэл төгрөгийн ажил гүйцэтгэдэг манай авто замын салбарын тэргүүлэх байгууллагууд юм.            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ