Тоглолтын бүх орлогоо бяцхан охинд өгнө
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан төрсөн өдрөө үзэгчидтэйгээ хамт тэмдэглэж, “Монголд мэндэлсэн өдөр” тоглолтоо энэ сарын 21-23-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд хийхээр болжээ.
Тэрбээр хоёр цаг хагас үргэлжлэх тоглолтондоо үзэгчдийн сайн мэдэх, өөрийн хит дуунуудаа дуулах ба тоглолтын тасалбар 9999 төгрөгийн үнэтэй аж. Эхний өдрийн тоглолтын тасалбар зарагдаад дуусч байгаа бөгөөд хариулт нэг төгрөгийг нь дуучны гарын үсэгтэй хамт өгч байгаа юм байна.
Ийнхүү 34 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан хийж буй тоглолтоосоо олсон бүх орлогоо Увс аймгийн Цагаанхайрхан суманд эгчийн хамт явж байгаад цасан шуурганд төөрч осгож, гар хөл нь хөлдөлтийн байдалтай хүнд хагалгаанд орсон гэж буй бяцхан охинд өгөх аж.
Дуучин С.Жавхлан уг тоглолтынхоо дараагаар Архангай, Өвөрхангай зэрэг төвийн аймгууд болон баруун бүсийн Ховд, Увс аймгийнхаа үзэгчидтэй аялан тоглолтоороо уулзах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа хэлсэн.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ