Монгол эрдэмтдийн үнсээр бетон хийх ажлыг ӨАБНУ сонирхож байна
ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэн/ХХТХ/-ийн “Материал судлал, технологийн лаборатори” болон Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Шинжлэх Ухаан, үйлдвэрлэлийн судалгааны зөвлөлийн бүтээцийн материал, аргазүйн судалгааны багийн хооронд хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь “Цахилгаан станцын хаягдал үнсэнд суурилсан геополимер төрлийн материал үйлдвэрлэх технологи боловсруулах” чиглэлээр хамтран ажиллах юм байна. Хамтын ажиллагааны гэрээг Монголын талаас ХХТХ-ийн ЭШТА, Академич Ж.Тэмүүжин, ӨАБНУ-ын талаас бүтээцийн материал, аргазүйн судалгааны багийн ахлагч, доктор Жозеп Мапиравана нар үзэглэжээ.
Энэхүү хамтарсан төсөл хэрэгжсэнээр эрдэмтэн судлаачид 2 талд солилцоогоор ажиллах, багаж тоног төхөөрөмж ашиглах болон хамтын бүтээл хэвлүүлэх зэрэг боломж бүрдэх юм байна. ӨАБНУ нь эрчим хүчнийхээ ихэнх хувийг нүүрснээс гарган авдаг учир хаягдал үнсийг ашиглах тал дээр сүүлийн үед онцгой анхаарал тавьж байгаа аж. Тиймээс манай эрдэмтдийн хаягдал үнсээр цементгүй бетон хийх ажлыг ихээхэн сонирхож, туршлага судлах зорилгоор энэхүү гэрээг байгуулж байгаа тухайгаа судалгааны багийн ахлагч доктор Мапиравана цохон тэмдэглэжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ