IV цахилгаан станцыг 4,2 тэрбум иенээр шинэчилнэ
Монгол Улсын эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах зорилго бүхий "Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх" төслийн зээлийн хэлэлцээрийг намрын чуулганаар хэлэлцэн баталсан. Уг хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газар дөрвөн тэрбум 201 сая иенийг жилийн 0.3 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатайгаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авчээ. Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх төслийг 2017 оны наймдугаар сард багтаан дуусгаж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагад зээлийг нөөцлөн баталгаажуулсных нь төлөө Монгол Улсын Засгийн газар ямар нэг төлбөр төлөхгүй аж. Зээлийн хөрөнгөөр худалдан авах бараа, бүтээгдэхүүнүүд зөвхөн Япон улсынх бус бусад улсын бараа, бүтээгдэхүүн байж болохоор заажээ. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авах зээлээр Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 70 хувийг эрчим хүчээр хангадаг Дулааны IV цахилгаан станцын техник, эд ангийг станцын үйл ажиллагааг зогсоохгүйгээр шинэчлэх юм байна. Энэ шинэчлэлийг хийснээр Дулааны IV цахилгаан станцын хэрэглэгчид болох иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээ сайжран цахилгаан, дулааны доголдол буурч, үйл ажиллагааны найдвартай байдал хангагдах юм. Мөн станцад техникийн шинэчлэл хийснээр байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгаж агаарын бохирдлыг бууруулснаар Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин сайжрах ач холбогдолтой ажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ